Оросын төв телевизийн сувгаар дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн сэтгүүлч эмэгтэй Германы хэвлэлд ажиллана

Германы хэвлэл, мэдээллийн компанийн удирдлагууд Украинд явуулж буй өөрийн улсын эрх баригчдынхаа түрэмгийллийг эсэргүүцэн Оросын төв телевизээр үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлч эмэгтэйг ажилд авахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн сарын эхээр дайныг өөгшүүлсэн худал, суртал ухуулга нэвтрүүлэгт итгэхгүй байхыг уриалсан самбар барьж эфирт гарснаар  “ОРТ” сувгийн мэдээний шууд дамжуулалтыг тасалдуулж байсан юм.

Марина уг зоригтой үйлдлийнхээ төлөө мөнгөн торгуулиар шийтгүүлж, үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон юм. Тэгвэл одоо Марина Германы “Велт Групп” хэвлэл мэдээллийн компанийн ОХУ, Украин дахь төлөөлөгчөөр ажиллах юм байна. Түүний бичсэн өгүүллүүд сонинд нийтлэгдэж, газар дээрээс хийсэн мэдээ сурвалжилга нь олон улсын телевизийн сувгуудаар цацагдана. Энэ талаар түүнийг ажилд авч буй компанийн захирал Улф Портшардт мэдэгдсэн байна. Харин Марина одоо “Худал мэдээ” тараасан үндэслэлээр ОХУ-ын хуулийн дагуу шийтгүүлэх магадлалтай байгаа юм.

Түүнд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон улс төрийн орогнол олгоход бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм. Гэвч Марина “Эх орноосоо дүрвэх хүсэлгүй” гэсэн шалтгаанаар уг саналаас татгалзсан байна.