ОХУ-ын Засгийн газар онцгой байдлын зардлынхаа нөөцийг 3.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлжээ

Өрнөдийн улсуудын хориг арга хэмжээний улмаас ОХУ-ын эрх баригчид эдийн засгийн тогтвортой байдлаа хангахын тулд онцгой байдлын зардлын нөөцөө 3.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх болсноо даваа гарагт мэдэгджээ. Мөн бизнес эрхлэгчид болон олон хүүхэдтэй өрхүүдэд 1 их наяд гаруй рублийн санхүүгийн тусламж үзүүлэхээ Владимир Путин мэдэгджээ.

Тус улсын Засгийн газраас даваа гарагт гаргасан мэдэгдэлд, “Эдгээр санхүүжилтийг гадны хориг арга хэмжээнд өртөөд буй эдийн засгийн тогтвортой байдлаа хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулна” гэжээ. Нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь эхний улиралд тус улсад орж ирсэн 271 тэрбум рублийн эрчим хүчний нэмэлт орлого хэмээн Засгийн газраас мэдээлжээ. Статистик мэдээллээр, ОХУ нь Европын холбооны улсуудын байгалийн хийн 40 орчим хувийг, газрын тосны гуравны нэгийг хангадаг байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн хийсэн тооцооллоор ОХУ нэг өдөрт 400 сая ам.долларын байгалийн хий, 700 сая ам.долларын газрын тосыг Өрнөдийн улсуудад нийлүүлдэг байна.