Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд газар тариалангийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах зорилт тавьсан. Энэ ч үүднээс зарим га талбай, га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Хаврын тариалалтыг улсын хэмжээнд 5-р сард эхлүүлнэ. Одоогоор хаврын тариалалтын бэлтгэл хангах ажил үргэлжилж байна.
ОХУ, Украин улсын хооронд үүссэн дайны нөхцөл байдлын улмаас зарим бараа бүтээгдэхүүний экспорт хумигдсаны нэг нь бордоо. Гэхдээ манай улс 10 мянган тонн бордоо импортлох захиалгаа өнгөрөгч 12-р сард өгсөн байсан тул энэ чиглэлээр хомсдол үүсгэхгүй гэдгийг ХХААХҮЯ-аас мэдэгдсэн. Харин тариаланчдын хувьд шатахууны үнийн өсөлт хүндрэлтэй байгааг хэлж байна.
Арилжааны банкнуудаар дамжуулан газар тариалангийн салбарт 100 тэрбум, хүнсний ногоо тариалагчид 50 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэрийг Засгийн газраас энэ онд гаргасан. Улаанбуудайн тариалалтыг 5-р сарын 15-25-ны хооронд эхлүүлнэ.