Судалгаагаар 1770 гаруй байршилд зөвшөөрөлгүй хашаа, хайс буулгах шаардлагатай

Нийслэл Улаанбаатар хотод зөвхөн 16 төрлийн байгууллага хамгаалалтын хашаа, хайс барих зөвшөөрөлтэй байдаг байна. Тэдгээрээс бусад нь нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хашаа, хайс барих хориотой. Тэгвэл нийслэлээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг үе шаттайгаар буулгаж эхэлсэн ажил үргэлжилж байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нийт 11 байршилд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгах ажил эхэллээ. Иргэд 300-500 метр яваад очих газарт тойруу замаар алхах эсвэл такси барьдаг байна. Энэ байдлаас үүдэн түгжрэл бий болох, хугацаа алддаг нь тохиолдлууд их. Энэ байдлыг арилгах зорилгоор зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгах ажлыг эрчимжүүлж байна. Эхний ээлжид гаргасан судалгаагаар 1770 гаруй байршлын зөвшөөрөлгүй хашаа, хайс буулгах шаардлагатай байгаа гэлээ.  

Хүн хүчний нөөц бололцоонд тулгуурлан ажлаа эрэмбэлэн хийж байгаа гэдгийг албаныхан хэллээ. Аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай оролцож, зарим нь хашаа, хайсаа буулгахаа мэдэгджээ.  Иргэд, аж ахуйн нэгж буулгасан хашааны оронд ургамлаар хашлага хийх бүрэн боломжтой юм.

Нийслэлийн засаг дарга газрын зөрчил арилгах арга хэмжээ авах ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг нийтийн эзэмшлийн газарт болон ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээг хариуцан зохион байгуулж байгаа нь энэ юм