Монгол Улсын эдийн засгийн гол харилцагч улс болох БНХАУ-д ковид-19-ийн нөхцөл байдал амаргүй хэвээр байна. Ялангуяа Монгол улстай хиллэж байгаа бүс нутгаар халдвар өргөн хүрээнд тархсан бөгөөд цар тахлын нөхцөл байдал 11-р сараас намжих төлөвтэй байгааг Хятад улс мэдэгдэж байгаа юм. Тиймээс манай улс эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд улсын төсөвт тодотгол хийж, хэмнэлтийн горим барьж ажиллахаар болж байна.
Өнөөдрийн байдлаар үнийн өсөлт 74 хувьтай байна. Өнгөрсөн 7 хоног засгийн газар бүхэлдээ үнийн өсөлт, үнэ тогтворжуулах болон тайван жагсаал зохион байгуулсан залуучуудаас ирсэн 15 багц шаардлага, бичгээр ирүүлсэн 270 гаруй шаардлагын хариу арга хэмжээ авахаар ажиллажээ. Тэгвэл ирэх 7 хоногт төсвийн тодотголд гол анхаарлаа хандуулах юм. Харин гишүүдийн зүгээс богино хугацаанд хэрэгжих гол нэр төрлийн барааны үнийг тогтвортой барих хуулийн төслийн хэрэгжилтэд анхаарах ёстой гэлээ.
Нефтийг дотооддоо үйлдвэрлэж чадаагүйгээс 30 жилийн хугацаанд асуудалтай явж ирсэн нь бодит үнэн. Цаашид шатахууныг дотоодод үйлдвэрлэдэг болох, шатахуун үйлдвэрлэх сонирхолтой ААН-үүдийг дэмжихээс өөр гарцгүй. Хууль баталснаар огцом өсч байгаа үнийг барихад агуулгын хувьд том шийдэл гаргаж чадна гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ. Мөн үе үеийн төр засаг төсвийн хэмнэлтийг тодорхой хэмжээнд зохицуулж байсан боловч нэгдсэн байдлаар эрхзүйн түвшинд зохицуулж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Иймд энэ удаагийн хуулиар төрийн төсөвт байгууллагын хүрээнд төсвөөс цалинждаг бүх байгууллагууд уг хуульд хамаарч байгаа гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Мөн хот суурин газарт том оврын автомашин хэрэглэхийг хуулиар хориглоно. Зөвхөн хөдөө орон нутгийн томилолтод явахдаа хэрэглэнэ. Төрийн байгууллага таксины үйлчилгээ авах, таксины компанитай хамтран ажиллах байдлаар төр үе шаттайгаар автомашинаас татгалзана. Засгийн газар 10-15 хувийн хэмнэлтийн горимд шилжиж байгаа юм.