Манай улсын соёлын бүтээлч үйлдвэрлэл ДНБ-ий 1.3 хувийг эзэлж байна

Цар тахлын үед дэлхий дахинаа соёл, урлагийн салбарын олон байгууллага үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Гэсэн хэдий ч ойрын хугацаанд дэлхийн ДНБ-ний 10 хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эзлэх болно гэж олон улсын судалгаагаар тогтоогдсон байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэл нүүрсний зах зээлээс 3 дахин том гэж үздэг тул соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих нь чухал гэдгийг судлаачид хэлж байна.

Соёлын менежмент зүгээ өөрчилнө гэдэг нь илүү технологид суурилсан байдлаар хөгжих чиг хандлага олон улсад зонхилж байна. Соёл, урлагийн салбарынхан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, эдийн засгийн нөлөө, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах цаг болсон.  Жишээлбэл олон улсад 2020 оны байдлаар соёлын бүтээлч үйлдвэрлэл дундаа кино урлагийн салбар 234 тэрбум ам.доллар, дижитал тоглоом хөгжүүлэлт 173 тэрбум ам.долларын зах зээл бүрджээ. 5 жилийн дотор энэ зах зээл 2 дахин өсөх хандлагатай юм байна. 

Харин Монгол улсын хэмжээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл ДНБ-ий 1.3 хувь буюу 481.4 тэрбум төгрөгийн зах зээлд 33 мянган ажлыг байрыг бий болгоод байгаа юм. Цаашдаа энэ салбарыг хөгжүүлэхэд хүний нөөцийн бодлого, төсөв санхүү, хөрөнгийн менежмент, төрийн зөв бодлого болон салбар дундын уялдаа холбоо чухал гэдгийг салбарынхан тодотгож байгаа юм.

Цар тахлын үеийн урлагийн зах зээлийн тэсвэртэй байдал нь хөрөнгийн зах зээлийг илүү татаж чадлаа. Урлагийн бүтээлд хөрөнгө оруулалт хийдэг хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Эцэст нь технологийн шилжилт ойрын жилүүдэд урлаг бас хөрөнгийн менежментийн шинэчлэлт өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч болжээ.