Ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал сар бүр буцаан олгоно

Сүхбаатарын талбайд болсон залуусын жагсаалын 270 орчим шаардлагын дагуу засгийн газар ажлын хэсэг байгуулж, мэргэжил, судалгааны байгууллагуудтай хамтран ажилласнаар дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтийг засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн байна. Засгийн газар олон нийтийн санаа бодлуудыг ангилж, хамгийн их санал ирсэн асуудлаар шийдэл гаргажээ.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ, хомстолоос сэргийлэх хууль  батлагдсанаар шатахуун импортлогч нарт шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. Мөн эргэлтийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж, шатахууны үнийг боломжит дээд хувилбараар барих эрхзүйн орчин бүрдлээ. Энэ багц арга хэмжээнд нийтдээ 100 орчим сая америк доллар зарцуулах тооцоо гарсан байна.

Хууль батлагдсанаар гурил, махны үнийг тогтворжуулах боломж бүрдэнэ. Тариаланчдад нөөцлөгдсөн улаанбуудайг төр худалдаж авснаар хомстолоос сэргийлж, болзошгүй хүнсний тасалдлаас урьдчилан сэргийлнэ.цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн 5 хувийг он дуустал тэглэх саналыг УИХ-д оруулах юм байна. Мөн дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болон борлуулалтын НӨАТ-ыг чөлөөлөх шийдвэрийг гаргаж, УИХ-д оруулахаар шийдвэрлэлээ.

Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн ажилтны төлдөг НДШ-ийн 50%-ийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох зарчмын шийдлийг засгийн газар гаргалаа. Энэ бол хүнд үеийг давахад инфляцтай уялдуулсан арга хэмжээ юм.

Засгийн газар энэ асуудлыг төсвийн хэмнэлтийн хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзлээ. Төсвөөс цалинждаг бүх байгууллага энэ хуульд хамрагдана. Энэ хуулиар дараах асуудлуудыг зохицуулахаар боллоо. Төрийн өмчит компаниудын дэд захирал, шаардлагагүй албан тушаалыг хуулиар хязгаарлана. Төрийн өмчит 39 ААН-ийг олон нийтийн шууд хяналтад оруулж, 34 хувийн IPO гаргах асуудлыг УИХ-д оруулна. 10 орчим компанийг нэгтгэн нийлүүлж, 10 орчим компанийг татан буулгана. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, орон тоо, ашигтай ажиллах эсэхийг төсвийн хэмнэлтийн хуулиар зохицуулна.

Мөн гар утасны төлбөр, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах, гадаад дотоод томилолтыг хуулиар зохицуулах юм. Түүнчлэн төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байхаар болж байна. Дүрэмт хувцас худалдан авахад жилд 3 тэрбум төгрөг зарцуулдаг байна.