Ж.Ганхуяг: Модон байшинг хөөсөнцрөөр дулаалж байгаа нь иргэдийн алдаа

Дулаан алдагдлыг тогтоох суурь судалгаагаар барилга, байшингууд ханаараа дулааныхаа 35 хувийг, дээврээр 25 хувийг, шал болон сууриар 15 хувийг алддаг бол цонхоор дулааны 15 хувийг алддаг нь тогтоогджээ. Байшингаа өөрсдөө барьдаг айл өрхүүд дулаалгын зориулалтын бус материал сонгодгоос, барилгын стандартыг мөрддөггүйгээс дулаан алдагдалтай нүүр тулж байна. Харин “Дулаан шийдэл” төслийн хүрээнд нийслэлийн 1618 айлыг дулаалахад 2000 гаруй тонн түлшний хэрэглээг халж, айл өрхүүд эрчим хүчээ дунджаар 29 хувиар хэмнэсэн үр дүнд хүрчээ. 

Нийслэлийн гэр хороололд нийт 200 гаруй мянган айл өрх оршин суудгаас 45 хувь нь монгол гэрт, 55 хувь нь байшинд амьдардаг. Эдгээр өрхүүд өвлийн улиралд орон байраа дулаацуулахад зориулж жилд дунджаар 650 мянган тонн сайжруулсан шахмал түлш, 750-800 мянган шоо метр мод түлдэг  гэсэн статистик байдаг. Дулаан хэмнэвэл мөнгө хэмнэнэ гэдэг. Гэтэл гэр хорооллын айл өрхүүд дулаан алдагдлын асуудлаа анхнаасаа бүрэн шийдвэрлэж чадалгүй, хана, цонх, дээврээрээ дулаанаа алдах нь нийтлэг байна.

Тэгвэл Европын холбооны санхүүжилттэйгээр 2018-2022 онд гэр хорооллын айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дулаан шийдэл” төслийг хэрэгжүүлж, 1618 айлын байшинг дулаалжээ. Байшингийн дулаан алдагдлыг бууруулснаар айлуудын 2000 гаруй тонн түлшний хэрэглээг халж, хүлэмжийн хийн ялгарлыг 3000 гаруй тонноор бууруулжээ. Төслийн 2 дахь үе шатыг  2022-2026 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.