ОХУ “Найрсаг Улсуудын” жагсаалтад багтсан орнуудад газрын тосоо үнийн хязгаарлалтгүй борлуулахад бэлэн гэв

ОХУ-ын эрчим хүчний сайд Николай Шульгинов “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа “Оросын газрын тос болон газрын тостой холбоотой бусад түүхий эд материалыг найрсаг харилцаатай улс орнуудад үнийн хязгаарлалтгүй буюу дурын үнээр борлуулахад бэлэн” гэдгээ мэдэгджээ. Украинд үйлдэж буй эзлэн түрэмгийллийн улмаас өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байгаа юм. 

ОХУ-ын экспортын гол бүтээгдэхүүн нь газрын тос, байгалийн хий юм. Нэг баррель түүхий газрын тосны үнэ сүүлийн хэдэн сар дэлхийн зах зээл дээр 80-150  ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа ч ОХУ-ын хувьд газрын тосны салбараа тасралтгүй, хэвийн ажиллуулах нь чухал байгаа тул ийнхүү найрсаг харилцаатай улс орнуудад үнийн хязгаарлалтгүй буюу дурын үнээр борлуулахад бэлэн гэдгээ Оросын эрчим хүчний сайд Николай Шульгинов ярилцлагадаа цохон тэмдэглэжээ. Гэвч тэрбээр “Найрсаг харилцаатай орнууд” гэдэгт чухам ямар улс орнууд багтаж байгааг дурдаагүй байна. Тэгвэл энэ ангилалд багтаж, хямд үнээр газрын тос авч буй орнуудад Хятад улс мөн Энэтхэг улс багтаж байгаа тул ОХУ-аас хямд үнээр, их хэмжээгээр  газрын тос худалдан авч буй гэсэн сүүлийн үеийн мэдээлэл байгаа юм. Тухайлбал дэлхийн газрын тосны гуравдагч томоохон хэрэглэгч Энэтхэг улс өнгөрсөн онд ОХУ-аас 12 сая баррель тос авсан нь нийт импортынх нь ердөө 2 хувийг эзэлж байжээ.

Хэдийгээр эдийн засгийн хоригоор шийтгүүлсэн ч ОХУ энэ онд эрчим хүчний экспортоосоо 321 тэрбум ам.долларын орлого олно гэсэн тооцоог “Блүүмбэрг” агентлаг гаргасан байна.

ОХУ-ын хамгийн том худалдан авагч Европын холбоо өнгөрсөн долоо хоногт нүүрсний импортод нь хориг тавьсан. Тэгвэл газрын тосыг мөн хоригт оруулахаар одоо хэлэлцэж байна. Харин байгалийн хийн хоригийн талаар одоохондоо санал солилцоогүй байгааг эх сурвалжууд мэдэгдээд байгаа юм.  Нөхцөл байдал яаж ч эргэсэн энэ онд ОХУ-ын эдийн засаг 11 хувиар агших тооцооллыг дэлхийн банкнаас мөн гаргасан байна.