Орос, Украины дайны улмаас Украинаас гадаад улс руу дүрвэсэн иргэдийн тоо 5 саяд хүрч, амиа алдсан энгийн иргэдийн баталгаажсан тоо 2 мянгыг давсан талаар НҮБ-аас мэдээлжээ. Мөн тус байгууллагын хүний эрхийн дээд комиссарын газрын мэдэгдэлд дурдсанаар, Украинд хоёрдугаар сарын 24-нөөс хойш хамгийн багадаа 3 мянга орчим хүн шархдаж эмнэлгийн туслалцаа авсан байна.
Амиа алдсан энгийн иргэдийн дийлэнх нь их буу, пуужингийн системээс харвах, пуужин болон агаарын цохилт өгөх зэрэг өргөн хүрээтэй тэсрэх зэвсэгт өртсөний улмаас амь үрэгджээ. Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлснээр, дайн эхэлснээс хойш Украинаас дүрвэсэн хүний тоо 5 саяд хүрсэн байна. Тэдний дийлэнх нь хөрш орнууд руу буюу Польш, Румын, Орос, Унгар, Молдова руу дүрвэжээ. Мөн Украинд олон сая иргэн дотооддоо дүрвээд байгаа бөгөөд олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас өнгөрсөн долоо хоногийн эхээр танилцуулсан мэдээллээр дотооддоо дүрвэсэн иргэдийн тоо 11 саяд хүрсэн байна.
Түүнчлэн Украины дүрвэгсдийн зарим хэсэг оросын түрэмгийлэл эхлэхтэй зэрэгцэн эх орноосоо гарч 4 улсын хуурай газрын хилээр нэвтрэн мексик, Америкийн хилийн бүс дахь дүрвэгсдийн хуаранд ирээд байгаа юм байна. Харин АНУ-ын цагаачлалын албаас Украины дүрвэгсэдийг саадгүйгээр өөрийн улсад нэвтрүүлж эхэлснээ хэвлэлийнхэнд мэдэгджээ.