Хэрэв Финланд, Швед улсууд НАТО-д элсвэл  хилийн бүсэд нь цөмийн зэвсгээ байршуулна хэмээн ОХУ анхааруулжээ

Саяхнаас Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх асуудал нухацтай, бодит ажил хэрэг болж эхлээд байгаа юм. Эдгээр улс орнууд ирэх 5-р сарын сүүл гэхэд Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-д гишүүнээр элсэх төлөвтэй байна. 

ОХУ-ын цэрэг Украинд халдан довтолсон нь эвсэлд үл нэгдэх уламжлалт бодлоготой Швед, Финланд улсуудын ард иргэдийн үзэл бодолд эргэлт гаргаад байгаа юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч асан, тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд тэргүүн Дмитрий Медведев өнгөрсөн пүрэв гарагт эдгээр орнуудыг цөмийн зэвсгээр сүрдүүлжээ. Тэрбээр Швед, Финланд улсууд НАТО-д элсвэл ОХУ-ын НАТО-той залгаа хил даруй хоёр дахин уртсах тул аюулгүй байдлаа хангахын тулд хил дээрх хүчээ зузаатгах шаардлагатай гэдгийг өөрийн телеграмм хуудсандаа тайлбарлан бичсэн байна. “Энэ тохиолдолд бид хил дээрх хүчээ зузаатгахаас өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл Балтийн тэнгисийн бүс нутаг цөмийн зэвсэггүй бүсийн статусаа алдана. Хүчний тэнцвэрийг хадгалах шаардлага бий болох юм” гэж Медведев бичжээ. Энэ нь Швед, Финланд улсууд НАТО-д элссэн тохиолдолд ОХУ-ын эрх баригчид дээрх бүс нутагт цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хөндөж байна гэж үзэж байгаа юм байна. Медведевийн мэдэгдлийн талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Энэ бол олон удаа яригдсан асуудал. Цөмийн зэвсэг байрлуулах эсэхийг би хэлж чадахгүй. Авах шаардлагатай олон арга хэмжээ байгаа. Эдгээрийг ерөнхийлөгч Путинтэй зөвлөлдсөний эцэст шийднэ” гэжээ.