Өнгөрсөн 3-р сард Энэтхэг улсын ОХУ-аас импортоор авсан нүүрсний хэмжээ сүүлийн 5 жилийн дээд үзүүлэлтэд хүрчээ. Өрнөдийн улс орнууд оросын эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнээс татгалзаж байгаа бол нөгөө талдаа Энэтхэг, Хятад улсууд ОХУ-аас хямд үнээр эрчим хүчний хэрэглээгээ хангах боломжтой болсон талаар олон улсын шинжээчид мэдээлж байна.
Мэдээж олон сая хүн амтай, томоохон дэд бүтэцтэй Энэтхэг, Хятад улсуудын эрчим хүчний хэрэглээг Орос улс дангаараа хангаж чадахгүй. Гэсэн ч нөгөөтэйгүүр дэлхий нийт Оросын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээс татгалзаж байгаа энэ үед азийн тэргүүлэх эдийн засагтай дээрх 2 орон хямд үнээр Оросын газрын тос, байгалийн хийг худалдан авч стратегийн нөөцөө бүрдүүлж эхэлсэн нь аль алинд нь ашигтайгаар тусаж байгаа юм. Түүнчлэн Европын холбоо Оросын нүүрсний экспортод хориг тавихтай зэрэгцэн Энэтхэг, Хятадын эрх баригчид хөшигний цаана мөн Оросын түүхий нүүрсийг их хэмжээгээр, зах зээлийн үнээс хямд үнээр худалдан авч үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгааг шинжээчид онцолжээ. Өнгөрсөн сард Энэтхэг улсын эрчим хүчний компаниуд ОХУ-аас 1.5 сая тонн нүүрс, Хятад улс 2.8 сая тонн нүүрсийг импортоор авсан байна. Эдгээр 2 улс нь 2021 оны байдлаар цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 70 орчим хувийг нүүрснээс гарган авдаг талаарх судалгааг олон улсын эрчим хүчний агентлагаас гаргажээ. Орос Украинд эзлэн түрэмгийлэл эхлүүлэхээс өмнө буюу 2021 онд Энэтхэг улс нүүрсний нийт импортынхоо дөнгөж 2 хувийг Оросоос авсан бол энэ оны эхний улирлын байдлаар өнгөрсөн жилийнхээ нийт импортын хэмжээтэй тэнцэхүйц нүүрсийг ОХУ-аас аваад байгааг тоон мэдээлэлд дурджээ.