Түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хямд зардлаар, найдвартай тээвэрлэх хэрэгсэл нь дамжуулах хоолой. Тиймээс 2020 онд Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлүүлэхээр шийдвэрлэсэн. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорнод аймаг дахь Газрын тосны ордоос түүхий эдээр хангана. 3 аймгийн 9 сумын нутгаар дайран өнгөрөх түүхий тос дамжуулах хоолойн урт 530 км юм байна. Тэгвэл дамжуулах хоолой барих төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн тендерт Япон, БНЭУ болон БНХАУ-ын нийт 4 компани оролцсоноос БНХАУ-ын “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгарчээ.
Төслийн барилга угсралтын ажилд 388 сая ам.доллар шаардлагатай. Гэхдээ тендерт шалгарсан компанид уг ажилд шаардлагатай санхүүжилтийг төслийн барилга угсралтын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрсээр төлөхөөр гэрээнд тусгасан. Одоогийн ханшаар нийт 3 сая тонн нүүрсийг төсөл хэрэгжүүлэх хугацаанд “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компанид төлөх урьдчилсан тооцоолол байна.
Уг төслийг бүрэн ашиглалтад оруулбал цагт 223 метр куб түүхий тосыг Дорнодоос Дорноговь аймаг руу дамжуулах хүчин чадалтай юм байна.
Нэг тонн газрын тосыг 530 км дамжуулах хоолойгоор тээвэрлэхэд дунджаар 8 ам.доллар, төмөр замаар тээвэрлэхэд 11 ам.доллар, авто замаар тээвэрлэхэд 60 ам.долларын өртөгтэй юм байна.