Хятадын агаарын тээврийн Eastern Airlines компани “Boeing 737” онгоцны нислэгээ сэргээнэ

Хятадын агаарын тээврийн “Eastern Airlines” компани “Boeing 737” загварын нисэх онгоцнуудыг арилжааны нислэгт эргүүлэн ашиглаж эхлэхээр болжээ. Одоогоос сар орчмын өмнө тус компанийн “Boeing 737” загварын нисэх онгоц Куньмин хотоос Гуанжу хотын чиглэлд зорчиж байгаад осолдсоны улмаас 132 хүн амиа алдсантай холбоотойгоор “Boeing”-ийн нисэх онгоцоор нислэг үйлдэхээ түр зогсоогоод байсан юм.

“Eastern Airlines” компанийн удирдлагууд нисэх онгоц тус бүрд системчилсэн үзлэг, бүтцийн шалгалт хийж, нислэгт тэнцэх чадварын мэдээллүүдийг баталгаажуулсан бөгөөд арилжааны үйлчилгээгээ сэргээхээс өмнө бүх онгоцонд туршилтын нислэг хийнэ гэдгээ мэдээлжээ. Мөн гуравдугаар сарын 21-нд осолдсон онгоцтой ойролцоо бүртгэлийн дугаартай нисэх онгоцнуудад засвар үйлчилгээний шалгалт, үнэлгээг үргэлжлүүлэн хийж байгаагаа тус компанийн зүгээс “Ройтерс” агентлагт мэдэгдсэн байна. Одоогоор эхний шатны туршилтын нислэгүүд хөл хорио тогтоогоогүй хотуудын хооронд үйлдэгдэж байгаа юм

Өнгөрсөн сарын 21-ний өдөр Куньмин-Гуанжоу чиглэлийн нислэг Гуанси-Жуаны өөртөө засах орны уулархаг бүсэд осолдсоны улмаас 123 зорчигч, нисэх багийн есөн гишүүн амиа алдсан харамсалтай явдал гарсан юм. Энэ нь Хятадын эх газарт сүүлийн 28 жилийн хугацаанд болсон хамгийн олон хүний аминд хүрсэн осол болжээ. Хятадын холбогдох албаны төлөөлөгчид нисэх онгоцны хоёр хар хайрцгийг олсон бөгөөд осол болсноос хойш 30 хоногийн дотор НҮБ-ын агаарын тээврийн агентлаг болох олон улсын иргэний нисэхийн байгууллагад урьдчилсан тайлангаа хүргүүлэх юм.