Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан Италийн ерөнхий сайд Марио Драги тус ярилцлагын үр дүнд сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “Владимир Путинтэй ярилцах нь цагийн гарз гэж хэлж байсан хүмүүсийн зөв байсныг ойлгож байна” хэмээн Италийн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Итали улс нь эрчим хүчний хэрэглээнийхээ 50 орчим хувийг ОХУ-аас импортоор авдаг байна. Улмаар өрнөдийн улсуудын Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээнд өргөн хүрээтэй нэгдэхээс илүүтэйгээр ажиглагчийн байр сууриас хандаж байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Харин өнгөрсөн ням гарагт Италийн ерөнхий сайд Марио Драги Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан ч үр дүнд нь сэтгэл дундуур байгаагаа мэдэгджээ. Тэрбээр “Одоогоор Путиний зорилго бол энх тайвныг эрэлхийлэх биш, харин Украины эсэргүүцлийг цэргийн хүчээр нухчин дарж, эзлэн түрэмгийлж, өөртөө ашигтай Засгийн газрыг байгуулах хүсэлтэй байна. Украины талаас уулзалтыг даруй зохион байгуулахыг удаа дараа шаардсаар байгаа ч тэр үүнийг хүсэхгүй байна. Түүнтэй ярилцсан нь цаг үрсэн хэрэг байлаа” гэж Марио Драги ярьсан байна. Түүнчлэн Италийн ерөнхий сайдаас сэтгүүлч Буча тосгонд үйлдсэн хядлага “Дайны гэмт хэрэг” мөн эсэхийг асуухад “Бучагийн аймшгийг дайны гэмт хэрэг гэхгүй бол өөрөөр юу гэж нэрлэх юм бэ?” Гэж хариулжээ. Гэхдээ тэр Оросын армийн үйлдсэн харгислалд “Геноцид”, “Дайны гэмт хэрэг” зэрэг нэр томьёоны аль нь тохирохыг хуулийн хүрээнд шалгаж тогтоох ёстойг онцолсон байна. Европын Төв банкны Ерөнхийлөгч асан Марио Драги 2021 оны хоёрдугаар сард Итали улсын Ерөнхий сайдаар томилогдсон юм. Тэрбээр сүүлийн үед Италийн байгалийн хийн импортыг Оросоос хамаарал багатай болгохын тулд Африкийн орнуудаас нийлүүлэх боломжийг судалж, уг төсөлдөө Европын бусад орнуудыг хамтран ажиллахыг уриалж байгаа. “Европын холбооны Москвагийн эсрэг ашиглах гол зэвсэг бол түүний зах зээл юм. Байгалийн хий авахаа багасгах тусам бид Оросын санхүүжилтийг бууруулна” гэж Марио Драги ярьжээ.