Өнгөрсөн онд төрийн байгууллагуудын хооронд 511.4 сая удаа иргэдийн мэдээллийг солилцжээ. Өнгөрсөн хугацаанд иргэний мэдээллийг хэн ашиглаж байгаа нь тодорхойгүй, хүний хувийн мэдээллийг дамжуулах ашиглахтай холбоотой асуудал зохицуулалтгүй байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн төрд байгаа иргэний мэдээллийг аливаа этгээд шилжүүлж, ашигласан тохиолдолд тухайн иргэнд мэдэгдэл хүргүүлж, зөвшөөрөл авдаг боллоо
Шинэчлэн найруулсан нийтийн мэдээллийн тухай хуульд, хүн, хуулийн этгээдэд хамаарах хаалттай, хязгаарлалттай мэдээлэлд бусад этгээд хандсан тохиолдолд мэдээлэл хариуцагч мэдэгдэл хүргэх системийг ашиглан тухайн хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр мэдэгдэл хүргэнэ гэж зохицуулжээ. Үүний дагуу төрд байгаа иргэний мэдээлэл буюу жишээ нь таны оршин суугаа хаяг, хөрөнгө, бүртгэл, боловсрол, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох мэдээллээс аливаа байгууллага шилжүүлж, ашигласан талаарх мэдэгдлийг иргэн дараах сувгаар авна. Үүнд, “E-Mongolia” системийг ашигладаг иргэдийн гар утасны аппликейшн, e-mongolia.mn цахим хуудасны мэдэгдэл цэст тухайн мэдэгдэл ирнэ.
Хэрэв иргэн “E-Mongolia” системд бүртгэлгүй бол тухайн иргэний хувийн и-мэйл эсвэл шинээр үүсгэх үндэсний и-мэйл рүү тухайн мэдэгдлийг хүргүүлэх боломжтой. Ямартаа ч 5-р сарын 1-ээс эхлэн төр өөрт байгаа мэдээллийг иргэн болон хуулийн этгээдээс шаардахгүй гэсэн голлох зохицуулалт хуулийн хүрээнд хийгдэх гэж байна.