Хоёр их гүрний дунд оршдог Монгол улсын хувьд цар тахлаас гадна сүүлийн саруудад өрнөж байгаа ОУ-ын хямралт нөхцөл байдлаас үүдэж, эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна. Дэлхийн банкнаас гаргасан Монгол улсын эдийн засгийн тойм тайлан мэдээллийг дэлгэрүүлэн үзүүлье.
- Цар тахлын үед Монгол улс болон БНХАУ-ын хил хоорондын боомтуудад гарсан хүндрэлээс үүдэж, эдийн засгийн өсөлт саарч, 2021 оны нэгдсэн дүнгээр 1.4 хувьтай гарчээ.
- 2022 онд ОХУ Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөөллийн улмаас эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.5 хувьд хүргэж болзошгүй байгааг Дэлхийн банкны тайланд дурдсан байна.
- Гэвч хилийн боомтын гацаа арилахгүй, дайны нөхцөл байдлаас үүдэж шатахууны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж хумигдвал Монголын эдийн засаг 2022 онд ердөө 0.7 хувиар л өсөх эрсдэл хүлээж байна.
- Энэ нөхцөл байдал 2023-2024 онд дээрдэж, эдийн засгийн өсөлт хурдсах төлөвтэй. Учир нь Оюу толгойн ордын гүний уурхайн олборлолт 2023 оны 2-р хагаст эхлэх учраас Монгол улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд 6 орчим хувьд хүрэх эерэг хүлээлттэй байна.
Хэдий тийм ч энэ цаг үед Монгол улсын эдийн засагт бүтцийн чанартай реформ чухал гэдгийг Дэлхийн банкнаас мэдэгдлээ.
Дэлхийн банкнаас гаргасан Монгол улсын эдийн засгийн тойм тайлан мэдээллээр төсвийн алдагдал энэ онд батлагдсан түвшнээсээ давна гэсэн таамагтай байна. Учир нь Монгол улсын экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа ч хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдрэхгүй бол төсвийн алдагдлыг бууруулахад хүндрэлтэй. Тэр дундаа цар тахалтай холбогдуулан төрөөс олгосон дэмжлэг, тэтгэврийн нэмэгдэл нь төсвийн нийт алдагдал 1.5 хувиар нэмэгдэж, ДНБ-ий 5 хувьд хүрэхэд нөлөөлнө гэжээ.
Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэж, үнийн өсөлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай хуулийг өнгөрсөн 7 хоногт УИХ эцэслэн баталсан. Тэгвэл энэ талаар Дэлхийн банкнаас дараах байр суурьтай байна.
Эдийн засгийн өсөлтийг дэмжих реформуудын тухайд тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлэх, дотоодын бизнесийг хөгжүүлэх арга хэмжээ гэдгийг Дэлхийн банкнаас онцолжээ.