Энэ долоо хоногийн мягмар гарагт АНУ-ын Жо Байден холбоотон орнуудын удирдагчидтайгаа цахимаар хуралдахдаа Украины Засгийн газарт сүүлийн үеийн дэвшилтэт техник хэрэгсэл нэмж илгээхээр тохиролцжээ. Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын зэвсэгт хүчин Донбассын бүс нутагт өргөн фронтоор довтолж эхэлсэнтэй холбогдуулан уг шийдвэрийг гаргасан гэж албаны эх сурвалж “Ройтерс” агентлагт мэдээлжээ.
Украин-Оросын дайны хувь заяаг шийдэх төлөвтэй байгаа Донбассын тулаан нь дайны хоёрдугаар шат бөгөөд эхний үе шат Оросын хувьд амжилтгүй болж, цэргийн бие бүрэлдэхүүнийхээ 25 орчим хувийг алдсан гэж Пентагоны эрх баригчид тооцоолж байна. Холбоотон орнуудын хурлаар тохиролцсон зэр зэвсгийн багц тусламжийн талаар Жо Байден ойрын үед мэдэгдэл хийхээр болжээ. Урьдчилсан мэдээллээр АНУ-ын засаг захиргаа Украинд их буу, сум зэргийг тусламжаар илгээхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт Байден нисдэг тэрэг болон их бууны эхний хэсгийг багтаасан 800 саяын ам.долларын тусламжийг баталсан юм. Өнгөрсөн хугацаанд АНУ-аас Украинд үзүүлсэн зэр зэвсгийн тусламжийн нийт хэмжээ 2.6 тэрбум ам.долларт хүрсэн гэж Цагаан ордноос мэдээлжээ. Цахим уулзалтад оролцсон Германы Канцлер Олаф Шольц мөн зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэх амлалт өгчээ. Тэрбээр Зүүн Европын орнуудаас зөвлөлтийн үеийн зэвсэг техникийг Украинд нийлүүлэх ажлыг санхүүжүүлэх хувилбарыг санаачилсан байна. Ингэвэл сургалт дадлага шаардалгүй, богино хугацаанд ашиглаж эхлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Германы улс төрчид тус улсад үйлдвэрлэсэн Леопард танкийг Украинд нийлүүлэхийг Шольцоос шахаж шаардаж байгаа юм. Харин Шольц НАТО-гийн зарим гишүүн орнуудад ашиглагдаж байгаа Украинчуудад танил зөвлөлтийн үеийн зэвсэг техникийг нийлүүлбэл илүү үр дүнтэй гэж үзэж байна. Уулзалтаар их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар Украинд их буунууд нэмж илгээх болсноо мөн мэдэгджээ.