Засгийн газраас 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Төсвийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн төсөл, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж эхэллээ.
Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуульд тусгаснаар, тодорхой нэрлэсэн байгууллагуудыг дэд дарга, орлогч даргатай байхыг хориглож, засаг дарга нарын орлогч даргын тоог хумьсан. Мөн төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг нийслэл хотод хорьсон. Үүнээс гадна Айргийн өргөө, спорт цогцолбор, соёлын төв гэх мэт 33 арга хэмжээг хассан. Ингэснээр үйл ажиллагаа болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдах тооцоо байна.
Анх төр болон зарим салбарын ажилтнуудаас бусад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай яригдаж байсан ч хуулийн өөрчлөлтөөр салбар ангилалгүйгээр зөвхөн 1 сая болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр албан журмын даатгуулагч 715 мянган иргэн, сайн дурын даатгуулагч 147 мянган хүн хамрагдана. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр хэвээр үлдээх юм байна. Өөрөөр хэлбэл, 50 мянган төгрөгийг 7-р сарын 1-ээс хуримтлалын хөтөлбөр рүү шилжүүлэх байсан ч он дуустал 100,000 төгрөг олгох зохицуулалттай байна.
Одоогоор дээрх яригдаж байгаа асуудлууд нь хуулийн төсөл бөгөөд Байнгын хороо, УИХ-аас эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлагдана. Одоогоор төслийн хэмжээнд учраас хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдөж болзошгүй.