Энэ оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгасан. Тодруулбал, ирэх 5-р сарын нэгнээс эхлэн Монгол улсын бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, оношилгоонд эрт хамруулах юм. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
- Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаар манай улс эрүүл мэндийн нэгдсэн дататай болох юм.
- Өмнө нь урьдчилан сэргийлэх үзлэгт нэг иргэнд 43.000-75.000 төгрөгийн өртөгтэй эрт илрүүлэг, оношилгоо хийдэг байсан. Энэ удаад 18-30 насны иргэн 60.000 төгрөг, 31-45 насны иргэн 130.000 төгрөг, 46-60 насны иргэн 150.000 төгрөг, 61-ээс дээш насны иргэн 140.000 төгрөгийн багцын шинжилгээнд хамрагдана.
- Харин хүүхдийг 0-5 хүртэлх нас, 6-17 нас гэсэн хоёр багцад хувааж байгаа. Ингэхдээ 0-5 насны хүүхэд нь эрт үеийн илрүүлэг болон амны хөндийн илрүүлэг гэсэн үндсэн үзлэгт хамрагдана.
- 6-17 насны хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хүүхдийн эрт үеийн илрүүлэг, сүрьеэ, сэтгэцийн үнэлгээ, амны хөндийн эрүүл мэнд гэсэн үнэлгээнүүд багтана.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээг улсын хэмжээнд 2022 оны тавдугаар сарын 01-ээс эхлэн жил бүр явагдах юм. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагууд тухайн орон нутгийн хүн амын өвчлөл, онцлогоос шалтгаалсан зохион байгуулалт хийж ажиллана. Иргэн бүрд харьяа нутаг дэвсгэрийн өрхийн эрүүл мэндийн төв болон сумын эрүүл мэндийн төвөөс нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах мэдээллийг цахимаар хүргүүлнэ. Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг эрт илрүүлэг үзлэг оношилгоог хийнэ. Ингэхдээ тухайн эрүүл мэндийн байгууллага нь ЭМДЕГ-аас сонгогдсон гэрээ байгуулсан эмнэлэг байх юм.
Аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүд бүгд эрт илрүүлэг оношилгоо хийнэ. Мөн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцоно. Эрт илрүүлгийн шинжилгээнд 30-аас дээш насны багцад хавдрын шинжилгээ багтсан байна.
Мөн асуумж судалгаагаар сүрьеэгийн ямар нэгэн эрсдэлтэй байвал дараагийн шатны эмнэлэгт шилжүүлж, рентген зураг, цэрний шинжилгээ зэрэг шинжилгээнүүд хийгдэнэ. Мөн сэтгэц зан үйлийн эмгэг тодорхойлох үнэлгээ хийх юм байна. Насаар нь авч үзвэл хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартай хүүхэд эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой. Насанд хүрэгчдийн хувьд 18-30 нас, 31-45 нас, 46-60 нас, 61-ээс дээш нас гэсэн ангиллаар авч үзэж байгаа юм байна.