Дизель түлш, АИ-95 шатахууны үнэ 200-250 төгрөгөөр нэмэгдлээ

Дэлхийн зах зээлд  газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор манай улсад дизель түлшний үнэ, АИ-95 шатахууны үнэ нэмэгдсээр байгаа. Дизель түлшний үнэ 250 төгрөгөөр, АИ-95 шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэнээр дизель түлшний үнэ литр тутамд 3380 төгрөг, АИ-95 шатахуун 3260 төгрөг боллоо. Харин АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй байна.

Шатахуун импортлогчид шатахууны үнээ литр тутамд 200-250 төгрөгөөр нэмсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл өргөн хэрэглээний АИ-92 шатахуун нэмэгдээгүй 2390 төгрөг хэвээрээ байгаа гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлсэн юм. Үнийн зөвлөл 2021 оны 11-р сарын 22-нд хуралдаж, АИ-92 шатахууны үнэ чөлөөлөх шийдвэр гаргасан.  Тэд хэлэхдээ "Монгол улс шатахууны үнээ Сингапурын зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд уялдуулж тогтоодог гэж байсан юм. Дэлхийн улс орнуудын шатахууны үнийн нэгтгэсэн мэдээллийн сайтад 4-р сарын 11-ний өдрийн байдлаар нэг литр автобензиний дундаж үнэ 1.34 америк доллар байна. 

Засгийн газрын хуралдаанаас дизель түлшний татварыг тэг төгрөг болгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизелийн түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “0” төгрөг болголоо.

Шатахууны үнэ АНУ-д он гарснаас хойш 22 хувиар, БНХАУ-д 23.7 хувиар өссөн бол Монгол улсад 6.7 хувиар өссөн байна. Өнөөдрийн байдлаар А-80 70 хоног, АИ-92 38 хоног, АИ-95 49 хоног, Дизель түлш 29 хоногийн нөөцтэй буюу хэвийн горимд байгаа юм байна.