2019, 2020 онд байршил, хүчин чадлыг нь оновчтой төлөвлөөгүй 11 ЕБС барих төсвийн хөрөнгө оруулалтыг баталжээ

Нийслэлд өнөөг хүртэл сургуулийн хүрэлцээний асуудал хүндхэн хэвээр байхад улсын хэмжээнд 2019, 2020 онд нийт 11 сургуулийг байршил, хүчин чадлыг нь суралцах сурагчдын тоотой уялдуулалгүйгээр барих төсвийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна. Тэгвэл цаашид боловсролын төлөвлөлтөөр газар зүйн мэдээллийн системийг үндэслэж сургууль, цэцэрлэгийг оновчтой төлөвлөнө гэдгийг БШУ-ны сайд мэдэгдлээ.

Үндэсний аудитын газраас 2021 онд төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож байгаа өнөөгийн нөхцөл байдалд гүйцэтгэлийн аудит хийсэн. Аудитаар, улсын төсвөөс 2019, 2020 онд шинээр барих, өргөтгөх сургуулийн хүчин чадлыг хүн амын тоо, бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төлөвлөөгүйгээс үүдэж, нэн шаардлагатай газарт хөрөнгө оруулалт хийгдэж чадаагүй талаар мэдээлж байсан. Тухайлбал, Архангай аймгийн Хайрхан сумын 720 суудалтай сургуульд 2017-2019 онд 664 хүүхэд хамрагдсан байхад улсын төсвийн 2020 оны хөрөнгөөр 3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 320 хүүхдийн суудалтай сургуулийг нэмж барихаар төлөвлөсөн.

Баян-өлгий аймгийн Цагааннуур тосгонд 320 суудалтай сургуульд 2017-2019 онд  203 хүүхэд хамрагдсан байхад улсын төсвийн 2019 оны хөрөнгөөр  2,3 тэрбум төгрөгийн төсөвтэй, 240 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийн барилга шинээр ашиглалтад оруулсан.

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 320 хүүхдийн суудалтай дунд сургуульд 2017-2019 онд дунджаар 347 хүүхэд хамрагдсан байхад улсын төсвийн 2020 оны хөрөнгөөр тус суманд нэмж 1,5 тэрбум төгрөгийн төсөвтэй, 160 хүүхдийн суудалтай сургууль барихаар төлөвлөсөн.

Төв аймгийн Дэлгэрхаан суманд 320 хүүхдийн суудалтай сургуульд 2017-2019 онд дунджаар 215 хүүхэд хамрагдсан. Гэтэл улсын төсвийн 2020 оны хөрөнгөөр тус суманд нэмж 1,1 тэрбум төгрөгийн төсөвтэй, 160 суудалтай сургууль барихаар төлөвлөсөн нь хүн амын тоо, бодит хэрэгцээнд үндэслээгүй гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтаар судалгаагүй, суралцах сурагчдын тоотой уялдуулаагүйгээр сургууль, цэцэрлэг барих асуудал даамжирсан гэдгийг салбарын сайд онцолж байна. Тиймээс цаашид тухайн сургууль, цэцэрлэгийг барих эрэлт хэрэгцээ байгаа эсэх, газрын асуудал шийдэгдсэн эсэх, зураг

Үүнээс гадна улсын хэмжээнд 11 сургууль 73-108 жилийн хугацаанд ажиллаж байгаа 14 хичээлийн байранд сургалтын үйл ажиллагаа явуулж байна.