УИХ-ын лхагва гарагийн нэгдсэн чуулганд сангийн сайд Б.Жавхлан нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааг энэ сараас зогсоож байгаа тухай мэдээлсэн. Мөн ойрын жилүүдэд НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь дээр барих бодлоготой байгаагаа мэдэгдсэн юм. Харин зарим эдийн засагч, судлаачид сугалааг болиулах нь цаг нь болоогүй, үргэлжүүлэх ёстой байсан гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Энэ хууль хэрэгжиж эхэлснээр далд эдийн засгийн ил болгож, гаалиар нууцаар орж ирсэн бараа бүтээгдэхүүн, тоо хэмжээг нуун дарагдуулах боломжгүй болсон юм. Өнөөдрийн байдлаар далд эдийн эзлэх хувь хэмжээ манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 17.3 хувийг эзэлж байгаа юм байна. Мөн татварын байцаагчийн ажлыг хөнгөвчилж, иргэдийн оролцоо нэмэгдсэнээр тэд өөрсдөө давхар хяналт тавих орчин бүрдсэн юм.
Тэгвэл НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм..
НӨАТ-ын сугалааг болиулсан асуудалд зарим эдийн засагч, судлаачид сөрөг байр суурьтай байна. Учир нь 2014 оноос НӨАТ-ын азын сугалааг гаргаж 10 хувийн хоёр хувийг иргэдэд буцаан олгож эхэлсэн. Хүн бүр худалдан авалт бүртээ баримт нэхээд эхлэмэгц хуулийг эсэргүүцэх нь их байсан. Гэтэл одоо хуулийн хэрэгжилт эхнээсээ үр дүнгээ өгч эхлэх үед зарим шийдвэрээсээ буцаж байгаа нь буруу хэмээн шүүмжилж байна.
Одоогоор дэлхийн 120 гаруй улс нэмэгдсэн өртгийн албан татварын системийг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд баруун Европын тэргүүлэх хөгжилтэй улс орны татварын тогтолцоог судалж үзэхэд төсвийн орлогод уг татварын эзлэх хувь хэмжээ өсөх хандлагатай байгаа нь судалгаагаар тогтоогджээ.