Мал нь хорогдсон малчин нотлох баримт гарган татвар ногдуулах малын тооноос хасуулаад явах боломжтой

Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хуулиараа жилд ногдуулах албан татварын хэмжээг 2000 хүртэлх төгрөг байхаар зохицуулж өгчээ. Өвөрхангай аймагт уг хуулийн хэрэгжилт  хамгийн сайн байгаа бөгөөд өнгөрсөн жил аймгийн төсөвт 1.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Өвөрхангай аймаг улсын хэмжээнд малын тоо толгойгоороо дээгүүрт ордог. Сүүлийн жилүүдэд малын тоо толгойг бууруулж, чанарлаг байдалд анхаарсан байна. Нийт малчин өрхийн тоо 19812 юм. Үүнээс мянгаас дээш малтай өрх 365 байгаа нь өмнөх оноос 30 өрхөөр буурсан байна. Энэ нь нэг талаасаа бэлчээрийн даацыг бууруулахад чухал нөлөөтэй юм. Малчид татвараа хугацаандаа төлдөг гэдгийг аймгийн мал үржлийн албаны дарга хэллээ.

Манай улсад жилд дунджаар 70 сая мал бэлчээр ус ашиглаж байна. Үүнийг дундаж байдлаар тооцоход малын хөлийн татвар 70 гаруй тэрбум төгрөг төвлөрөх юм. Үүний өмнө малын тоо толгойг гаргахдаа хонины толгойгоор тооцдог байсан бол энэ удаагийн хуулиар малын үүлдэр угсаа тус бүрээр тооцож байгаа юм. Хамгийн гол нь төвлөрсөн мөнгийг эргээд малчдад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах нь чухал гэж байна.

Гамшгийн тухай хуульд заасны дагуу мал нь хорогдсон малчин нотлох баримт гарган татвар ногдуулах малын тооноос хасуулаад явахаар зохицуулжээ. Тухайн аймаг, орон нутгийн цаг агаар, нутаг орны нөхцөл байдлаас хамааран ямар малыг цааш нь үржүүлж хөгжүүлэхийг судалгаа, малчдын олон жилийн мал маллагааны арга туршлага дээр үндэслэн тогтоож байхаар болсон. Малчид татвараа төлөхдөө малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухай бүр ирүүлсэн дүнг бүртгэлийн сангаас авч тооцдог.

Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм. Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, тариалангийн бүс нутагт нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-10000 төгрөг хүртэл байхаар тусгасан байна.