Оросын бизнессмен, тэрбумтан Олег Тиньков Орос Украины дайныг эсэргүүцсэн хурц мэдэгдлийг өөрийн “твиттер” хуудсандаа тавьжээ. Тэрбээр “Оросын шартсан генералууд өглөө бүр сэрэхдээ улс орон нь ямар их худал хуурмаг, авлига, хууль бус зүйлсээр дүүрсэн юм бэ гэдгийг ухаарч байгаа. Тийм ч учраас цэрэг арми нь хүчгүй, дорой гэдгээ дэлхий дахинд харуулж байна” хэмээн бичжээ.
Тэрбээр цааш нь үргэлжлүүлэн “Эрхэм өрнөдийн улс орнуудын эрх баригчид аа, ноён Путинд нэр хүндээ аврах, энэхүү аллагыг зогсоох гарцыг зааж өгөөч ээ” хэмээн мэдэгдэлдээ бичжээ. Түүнчлэн тэрбээр оросын иргэдийн 90 орчим хувь нь уг дайныг эсэргүүцэж байгааг онцлоод аливаа үндэстэнд дарангуйлагчийг дэмжих тэнэг хүмүүс байдаг гэдгийг нэмж хэлжээ.
Одоо 54 настай тиньков 2004 онд “Тинькофф Банк” нэртэй хувийн банк, санхүүгийн байгууллагыг байгуулж байжээ. Тэрбээр 2020 оны байдлаар 9 тэрбум ам.долларын хөрөнгөөр Оросын 10 дахь чинээлэг эрхэм болсныг “Форбс” сэтгүүл онцолсон байдаг. Сүүлийн жилүүдэд тогтмол гадаад улсад амьдарч буй Олег Тиньков эрх баригчдынхаа гаргаж буй шийдвэр, улс төрийн бодлогыг сайшаах үе байсан ч буруутгаж, шүүмжлэх өдөр ирснийг мэдэгдэлдээ мөн дурджээ.