Өнгөрсөн 2021 онд Японы нийслэл Токио хот болон залгаа мужуудад орон сууцны дундаж үнэ 63.3 сая иен буюу 550 мянган ам.доллар болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн талаар мэдээллийг тус улсын эдийн засгийн судалгааны байгууллагаас мэдээлжээ. Ийнхүү 1990 оны санхүүгийн жилээс хойш Японы нийслэл Токио болон зэргэлдээх мужуудад орон сууцны үнэ 6 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Токио хотын төвд байрлалтай орон сууцны дундаж үнэ дурдсан хугацаанд 84 сая иен буюу 668 мянган ам.долларт хүрсэн нь мөн түүхэн дээд үзүүлэлт болжээ. Тус хотын төвийн дүүргүүдэд орон сууцны үнэ 1990 оноос хойш 81 сая иен давж байгаагүй байна. Тус улсын төв банк цар тахлын он жилүүдэд эдийн засгаа дэмжих зорилгоор орон сууцны зээлийн хүүг бага хувиар тогтоосноор эрэлт нэмэгдэж, үнэ өсөхөд голлон нөлөөлжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд олимпын наадмын бүтээн байгуулалт өрнөснөөр орон сууцны барилга төлөвлөж байснаас цөөн тоогоор баригдсан нь мөн үнэ өсөхөд нөлөөлжээ.
Өнгөрсөн 2021 онд Японы Канагава, Чиба, Сайтама зэрэг гурван мужид орон сууцны үнэ 2020 оноос 1-3 хүртэл хувиар, 1990 оноос 4 хүртэл хувиар тус тус өссөн талаар мэдээллийг тус улсын төв банкны дэргэдэх судалгааны байгууллагаас гаргажээ. Хэдийгээр үл хөдлөхийн үнэ нэмэгдсэн ч Японы төв банк мөнгөний бодлогын хүүгээ чангаруулахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн засгийн газар нь залуу гэр бүлүүдэд зориулж хямд үнэтэй орон сууцнуудыг ирэх жилүүдэд олноор барьж, байгуулах амлалтыг өгчээ.