Нийслэлчүүдийн гол асуудал болсон түгжрэлийг шийдвэрлэх том “амбиц” тээж, хөнгөн галт тэрэг нэвтрүүлэхээр яригдаж эхлээд байна. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний 1-р шугамыг Буянт-Ухаа хорооллоос Сансрын тойрог хүртэл чиглэлд ашиглалтад оруулбал өдөрт 95.3 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Төслийг хэрэгжүүлэхэд 926 сая ам.доллар шаардлагатай бөгөөд БНХАУ-аас зээл авахаар тооцжээ. Хамгийн гол шаардлага нь зээлийн 50 хувьд Засгийн газраас баталгаа гаргах шаардлагатай болоод байгаа юм.
Нийслэлд 1 хүн өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдөр нийт 6.4 жилийг түгжрэлд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Тиймээс нийслэлийн түгжрэлийг шийдвэрлэх зорилгоор цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний нэг хэсэг нь тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний 49.4 км урттай 3 шугам буюу Толгойт-Шархад, 120 мянгат-7 буудал зэрэг 3 чиглэлд LRT байгуулахаар төслийг боловсруулжээ. Эхний ээлж буюу Буянт-Ухаа хорооллоос сансрын тойрог хүртэл тулгуурт гүүрэн байгууламжтай 18.1 км хөнгөн галт тэрэгний шугам ашиглалтад оруулахад 926 сая ам.доллар буюу 2 их наяд 778 тэрбум төгрөг шаардагдана.
Хэрэв төслийн эхний үе шатыг хэрэгжүүлбэл 2025 оноос Буянт-Ухаа хорооллоос сансрын тойрог хүртэлх чиглэлд өдөрт хөнгөн галт тэргээр 95.3 мянган хүн зорчих боломжтой гэсэн тооцооллыг гаргасан. Мөн үйлчилгээнд нэвтрүүлбэл, эхний 5 буудал 700 төгрөгийн тасалбартай байх бөгөөд эцсийн зогсоол хүртэл явахад нийт 1200 төгрөгөөр зорчих юм байна.