Ипотекийн зээлийн урьдчилгааны тодорхой хувийг ЗБДС батлан даахаар болсон ч журам боловсруулах ажил удаашралтай байна

Банкнаас ипотекийн зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөргүй, барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, хуулийн этгээдэд батлан даалт гаргахыг зохицуулсан холбогдох хуулийн төслийг УИХ 2021 онд баталж, энэ оны 1-р сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Ингэснээр ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрөөс 18 хүртэлх хувьд нь зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргах боломжтой болсон юм. Гэвч журамд өөрчлөлт оруулахтай холбоотой үйл явц өнөөг хүртэл үргэлжилж, удааширч байна. Засгийн газрын тогтоол гарснаар  батлан даалт гаргах асуудал хэрэгжиж эхэлнэ. 

Улсын хэмжээнд 900 мянга гаруй өрх байдгаас 10 гаруй хувь нь ипотекийн зээлд хамрагджээ. Монголбанк болон арилжааны бусад банкны нийт 70 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрээр сард дунджаар 1400 гаруй өрхөд ипотекийн зээлийг олгодог байна. Гэхдээ ипотекийн зээлийн хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэхэд санхүүгийн эх үүсвэр тогтвортой ч судалгаагаар орон сууц авах хүсэлтэй иргэдийн 70 орчим хувь хуримтлалгүй, урьдчилгаа төлбөргүй байна.

Тиймээс Засгийн газраас төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд буюу нийт урьдчилгаа төлбөрийн 18 хүртэлх хувьд зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргахаар болсон. Хуулийн төслийг 2021 оны 11-р сард баталсан ч одоогоор орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжүүлэх журамд өөрчлөлт оруулах ажил үргэлжилсээр байна.

Хэрэв журам батлагдаж, Засгийн газрын тогтоол гарвал Зээлийн батлан даалтын сан ямар зорилтот бүлгийн иргэдийн урьдчилгаа төлбөрийг батлан даах эсэх нь тодорхой болно.  

Зээлийн батлан даалтын сангийн мэдээллээр, ипотекийн зээл шинээр авч буй иргэдийн 50 хувь нь зээлээ батлан даалгуулах боломжтой гэсэн тооцооллыг гаргажээ.