Шри Ланка улс санхүүгийн хямралын улмаас цахилгаанаа тасалж, иргэд нь ажилдаа явж чадахгүйд хүрчээ

Ази, номхон далайн бүс нутгийн улсуудад шатахууны үнийн өсөлтийн улмаас инфляц нь, улмаар шатахууны нөөц дуусахтай зэрэгцэн цахилгаан эрчим хүчний хямрал нүүрлээд байгааг ОУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолжээ. Тухайлбал 22 сая хүн амтай арлын Шри Ланка улс гадаад валютын нөөцөө хоосолсноос үүдэн Засгийн газар нь гадаад өрөө төлж чадахгүйд хүрээд байна.

Гадаад өрөө төлж чадахгүйд хүрсэн тус улсын эрх баригчид ОУВС-аас тусламж авахаар хэлэлцээ хийж байгаатай зэрэгцэн эрчим хүчний бүх төрлийн бүтээгдэхүүний нөөц нь дууссан талаар  өнөөдөр мэдээлжээ. Гадаад валютын нөөцгүйн улмаас шатахуун, хоол хүнс, эм тариа зэрэг нэн шаардлагатай импортын бүтээгдэхүүнээ худалдан авч чадахгүйд мөн хүрчээ. Үүнтэй холбогдуулан тус улсын иргэд сүүлийн сар гаруйн хугацаанд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж засгийн газраа огцруулсан бол одоо ерөнхийлөгч Готабая Ражапаксаг албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардаж байгаа юм байна. 

Сүүлийн нэг сарын хугацаанд Шри Ланкын мөнгөн тэмдэгт болох рупигийн ханш 60 хувиар унасны улмаас байгалийн хий, газрын тосны үнэ 3 дахин нэмэгдэж дараагаар нь нөөц нь дуусч хомсдол үүсжээ. Эрх баригчид нь гадаад улсад амьдарч буй иргэдээ валют хандивлахыг уриалсан ч мөн үр дүнд хүрээгүй байна. Шри Ланка улсын Засгийн газар өнгөрсөн 7 хоногт хөрш Энэтхэг улсаас шатахуун авахад зориулж 500 сая ам.долларын тусламж авснаа мэдэгдсэн байна. Түүнчлэн одоо байгаа гадаад валютын багахан нөөцөө хадгалахын тулд бондын эргэн төлөлтийг түр хугацаагаар зогсоосон байна. Сангийн яамных нь мэдээлснээр тус улс энэ онд 50 тэрбум ам.долларын гадаадын өрийн эргэн төлөлт болон хүүгийн төлбөрт 8 тэрбум ам.долларын төлөх шаардлагатай юм байна.