ОХУ-ын Засгийн газар төрийн яам, агентлагууд, төрийн өмчит компаниудад “Улс төрийн зааварлагч”-ын орон тоо бий болгох зөвлөмж гаргасан талаар эх сурвалжууд “BBC” агентлагт мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр “Улс төрийн зааварлагч” нь Кремлийн улс төрийн бодлогыг ажилтан, албан хаагчдад таниулах, тэдний үзэл бодлыг хянах үүрэгтэй юм байна.
Шинэ орон тооны асуудал өнгөрсөн оны парламентын сонгуулийн үеэр анх сөхөгдөж байсныг эх сурвалжууд мэдээлжээ. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын алба Кремлийн улс төрийн бодлогод итгэх олон нийтийн итгэл сул байгааг тогтоосон байна. Тиймээс “Улс төрийн зааварлагч”-ын шинэ орон тооны асуудал Украинд дайн эхэлснээс хойш илүү нухацтай яригдах болжээ.
Дөрөвдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Москвагийн ойролцоо болсон хаалттай семинарын үеэр Путиний ойрын хүмүүс “Улс төрийн зааварлагч” ажиллуулах зөвлөмжийг танилцуулсан тухай уг арга хэмжээнд оролцсон гэрчүүд ярьсан байна. Хаалттай семинарт ОХУ-ын орон нутгийн удирдлагууд оролцжээ. Хоёрдугаар сарын 24-нд оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа Путин чөлөөт хэвлэл мэдээллийн хяналтыг чангатгаж, “хуурамч” мэдээлэл тараахыг хориглох ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд ОХУ-ын Украинд явуулж буй дайнд шүүмжлэлтэй хандсан бүгдийг баривчлах, шийтгэх хатуу хуультай болсон юм.