АНУ-ын төрийн өндөр дээд албан тушаалтнууд Украины нийслэл Киев хотод айлчилжээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Украины нийслэл Киев хотод ням гарагт айлчилж, Ерөнхийлөгч Зеленськийтэй уулзжээ. Талууд Оросын түрэмгийллийн эсрэг тулаанд ашиглах цэргийн зэр зэвсэг, техник хэрэгслийн талаар ярилцлаа гэж “Ройтерс” агентлаг албаны эх сурвалжаас эш татан өнөөдөр мэдээлжээ. 

Сүүлийн нэг сарын хугацаанд өрнөдийн томоохон орны төрийн тэргүүнүүд, албаны төлөөлөгчид Украин улсад айлчлаад байгаа юм. Тэгвэл АНУ-ын цагаан ордноос мөн төрийн өндөр дээд албан тушаалтнуудаа тус улс руу илгээжээ. АНУ-ын төлөөлөгчдийг айлчлал хийхээс өмнө Украины ерөнхийлөгч Зеленський “Та нар бидэн дээр гар хоосон ирж болохгүй. Бидэнд бэлэг сэлт биш зэвсэг техник хэрэгтэй” хэмээн мэдэгдээд байсан юм. Харин цагаан ордны дипломат төлөөлөгч болон Батлан хамгаалахын сайд нар нэмэлт зэв зэвсгийн тусламж, тэр дундаа шинэ үеийн дэвшилтэт техник хэрэгслүүдийг удалгүй дахин ирэхдээ авчрах амлалт өгчээ. 

Ирэх 7 хоногт Энтони Блинкен Украинд дахин айлчлах бөгөөд Польш руу нүүлгээд байсан АНУ-ын элчин сайдын яамыг дахин Украинд нээхээр болжээ. Түүнчлэн Украины баруун бүс нутгийн буюу Оросын хуурай газрын цэргийн довтолгоог амжилттай хамгаалж чадсан Киев, Львов хотуудын ойрын сэргээн босголтод 700 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ Энтони Блинкен мэдэгдсэн байна. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр аюулгүй байдлын үүднээс Блинкен, Остин нарын Киев дэх айлчлалыг ихэд нууцалсан байна.