Монгол Улсын соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалт хэлэлцүүлэг өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Хэлэлцүүлэгт Цогт Хун-Тайжийн "Цагаан байшин" хэмээн алдаршсан сэтгэшгүй чандмань тэргүүт зургаан сүмийн туурь, түүний түүхийг бичсэн гэрэлт хөшөө болон Монголын түүхийн үл хөдлөх дурсгалуудыг хамгаалж, сэргээн засах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар хэлэлцсэн юм.
Цогтын цагаан байшин буюу "Сэтгэшгүй чандмань” сүмийн туурь Улаанбаатараас баруун зүгт 210 км-ийн зайд Булган аймгийн Баяннуур сумын "Шар тал" багийн нутагт оршдог. XVII зуунд баригдсан энэхүү дурсгалт газрыг цаашид сэргээн засах, үзмэр болгон тохижуулахын тулд "Цогт тайж" сангийн зүгээс төсөл боловсруулсанаа танилцууллаа.
Уг цогтын цагаан байшин буюу "Сэтгэшгүй чандмань сүм 400 жилийн өмнө баригдаж дуусаад түүнээсээ хойш асар удалгүй дайн самуунд сүйтгэгдсэнээс хойш он цагийн эргэлт, хүн малын хөлд гишгэгдэж, олз хайгчдын гарт ухагдаж нурсаар өнөөг хүрчээ. Киданы үеийн чулуун суурин дээр барьсан уг сүмийн хананы ар тал бүрэн эвдэрсэнээр хэрэм олон газраа нүх гарч хазайсан, хэрмийн дугай тотгот хаалга өмнө ханатайгаа нурах эрсдэлтэй болсон байна. Булган аймгийн удирдлагын зүгээс одоогоор хамгаалалтын хашаа болон хашааны хаалгыг солих зэрэг ажлуудад хөрөнгө төсөвлөөд байгаа юм байна. Бусад сэргээн засварлах бүтээн байгуулах ажлын төсөв одоогоор тодорхойгүй байна.
Өнөөдрийн хурлаар түүхийн дурсгалыг энэ хэмжээнд нь засаж нуралтыг зогсоогоод дараагийн шатанд судалгааны үндсэн дээр эртний хэлбэрээр нь уг ордны багавтар загварыг жуулчдад зориулан бүтээх санал яригдсан байна. Сэргээн засах ажлыг мэргэжлийн баг хуулийн дагуу гүйцэтгэх журамтай тул хурлаар албадан баталсны үр дүнд дараагийн ажил болох виртуал орчинд харахаар бүтээх юм.