ХБНГУ-ын эрх баригчид анх удаа хүнд төрлийн зэр зэвсгийг Украин улсад илгээхээр болжээ

Герман улсын хууль тогтоогчид анх удаа Украин улсад хүнд төрлийн зэр зэвсгийг тусламжаар илгээхээр болсноо мягмар гарагт зарлажээ. Тус улсын эрх баригчид өнөөдрийг хүртэл байгалийн хий, эрчим хүчний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлж Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаас зайлсхийж, Украинд хүнд төрлийн цэргийн техник хэрэгслийг илгээхээс татгалзаад байсан юм. 

Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай Герман улсын эрх баригчид өнөөдрийг хүртэл Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаас зайлсхийж, Украинд өөрийн үйлдвэрийн хүнд зэвсэг илгээхээс татгалзаж байсан юм. Оросын эрчим хүчний хараат байдал нь Германы эрх баригчдыг айлгаж байжээ. Гэвч гадаад дотоодын дарамт шахалтын улмаас Канцлер Олаф Шольцын Засгийн газар бодлогоо эрс өөрчлөхөөс аргагүйд хүрчээ.

Тухайлбал, агаарын довтолгооноос хамгаалах зэвсгээр тоноглосон 50 ширхэг “Жепард” танкийг үйлдвэрийнх нь агуулахаас Украин руу илгээх зөвшөөрөл өгснөө Германы батлан хамгаалахын сайд Кристин Ламбрехт өчигдөр мэдэгдсэн байна. Өмнө нь Канцлер Шольц өөрийн үйлдвэрийн хүнд зэвсэг техникийг Украинд илгээхээс татгалзаж, ингэвэл Герман улс дайнд татагдан орж, дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл нэмэгдэнэ гэж тайлбарлаж байсан юм. Харин ийм шийдвэр гаргахаас илүүтэйгээр Европын бусад улс орнуудын зэвсэг техникийг Украинд илгээх ажлыг санхүүжүүлэх санал тавьж байсан юм. Гэвч Социал Демократ Шольцын эвслийн Засгийн газрыг бүрдүүлэгч Ногоон болон Чөлөөт ардчилал намууд Герман улс Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байжээ. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Донбассын тулаанд Оросын армийн довтолгоог зогсоохын тулд Украины талд танк, их буу зэрэг хүнд зэвсгүүд шаардлагатай байгаа юм.