ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт Интерфакс агентлагт өгсөн ярилцлагадаа дэлхийн гуравдугаар дайн дэгдэх аюул “Бодитой” болсныг анхааруулжээ. Мөн тэрбээр өрнөдийн орнууд Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь НАТО-ийн эвсэл дайнд татагдан орох эрсдэлийг нэмэгдүүлж байгааг мэдэгдэлдээ онцолсон байна.
Тэрбээр “Өнөөгийн хурцадмал байдлаас харахад дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл бодитоор оршсоор байгаа бөгөөд үүнийг хэрхэвч дутуу үнэлж болохгүй” хэмээн анхааруулсан байна. Үргэлжлүүлэн Украинтай үргэлжилж буй энхийн яриа хэлэлцээний талаар Лавров “Сайн санаанд хязгаар бий. Хэрвээ талууд ижил хүсэл эрмэлзэлтэй байхгүй бол яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй. Ямартай ч бид Зеленскийн томилсон төлөөлөгчидтэй хийх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэж хэлсэн байна. Гэхдээ тэр Украины Ерөнхийлөгч Зеленськийг “Сайн жүжигчин” тул яриа хэлэлцээ хийж буй дүр эсгэж байгааг энэ үеэр шүүмжилжээ.Үүнээс гадна Оросын Гадаад хэргийн сайд өрнөдийн улсуудын эдийн засгийн хориг арга хэмжээ нь эцэстээ тэдэнд хохирол учруулж байгааг мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ.