УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Ингэснээр хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын төсвийн байнгын хороонд шилжүүлжээ.
Хоёр удаагийн төсвийн тодотголоор 18 их наяд төгрөгийн зардалтай төсвийг бууруулна гэж оруулж ирсэн. Гэтэл 17.9 их наяд болж хэвээрээ шахуу байгааг зарим гишүүд шүүмжиллээ. Нөгөө талаас төсвийн хуулийг дагаж орж ирсэн төсвийн хэмнэлтийн тухай хуулиар 30 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн ч бууруулаагүй байгаа юм.
Агентлаг төрийн өмчийн газруудын дэд дарга нарыг цомхотгоно гэж байгаа бол хуулиар тусгайлан тогтоосон байгууллагуудын дэд даргын асуудлыг хөндөж болохгүй гэдгийг гишүүд хэлж байна. 100-аас дээш хүнтэй агентлаг орлогч даргатай байх санал байнгын хороон дээр дэмжигдсэн ч 400-аас дээш хүнтэй агентлаг нэг орлогчтой байхаар оруулж ирсэн ч аль аль нь дэмжигдээгүй учраас Засгийн газраас анх оруулсан хувилбараар нь баталсан юм.
Тодотголын хуульд улсын төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт багтсан асуудалд гишүүд эсрэг байр суурь илэрхийлсэн. Байнгын хорооны хуралдаанд уг асуудал унасан ч ойлголтын зөрүүтэй мэдээллээс үүдэн төсвийн байнгын хороон дээр томьёоллыг сайжруулахаар татаж авсан юм.
Ерөнхий Сайд Улсын Их Хурал төсвийн тодотголыг дэмжихгүй бол татаж аваад дахин оруулж ирэх учраас том агуулгаар нь харах ёстой гэлээ. Олон хүн амтай сум, аймгийн засаг дарга хоёр орлогчтой байдаг. Үүнийг нэг орлогчтой болгох нь буруу гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хэллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Ингэснээр нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг 5-р сараас эхлэн он дуустал буцаан авахаар боллоо. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгөх юм.