Саяхан Израил улсын Ерөнхий сайдын гэр бүлийн зардалтай холбоотой шүүмжлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннет гэр бүлийнхээ хоол хүнсний зардлыг өөрөө төлж байх шийдвэрийг гаргажээ.
Тэрбээр хэлэхдээ “Хэдийгээр манай гэр бүл тогтсон дүрэм журмыг зөрчөөгүй ч би олон нийтийн санаа бодлыг ойлгон хүлээж авч байна. Тиймээс өнөөдөр би ажилтнууддаа манай гэр бүлийн хоол хүнсний зардал миний хувийн данснаас гарч байхаар болсныг мэдэгдлээ. Би мөнгөний төлөө эсвэл хүндлүүлэх гэж энэ ажлыг аваагүй. Харин Израилын иргэдэд бүх чадлаараа үйлчлэх гэж ажиллаж байгаа, цаашдаа ч үргэлжлүүлэн зүтгэх болно” хэмээн мэдэгдсэн байна. Сар бүр Ерөнхий сайдын хэрэглээний зардалд төсвөөс 26 мянган ам.доллар зарцуулдгаас 10 мянга орчим нь хоол хүнсэнд зориулагддаг байна. Хэвлэлд түүний зардалтай холбоотой шүүмж гарсны дараа Беннет өөрийгөө өмнөх Ерөнхий сайдын гаргадаг байсан зардлыг эрс бууруулснаа олон нийтэд тайлбарласан байна.