Дэлхийн 10 гаруй улсад нярайн нэг сартайгаас 16 нас хүртэлх хүүхдүүдээс элэгний вируст Гепатитын шинэ төрлийн халдвар илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан олон улсын эрдэмтэн, судлаачид эдгээр учир битүүлэг тохиолдлуудыг нарийвчлан шалгаж байгаа талаар ДЭМБ-аас мэдээлжээ.
Вируст гепатит буюу элэгний хурц үрэвслийн шинэ тохиолдлууд АНУ, Дани, Ирланд, Нидерланд, Испани болон Их Британи, Япон зэрэг дэлхийн 10 гаруй улсад бүртгэгдээд байгаа юм байна. Одоогоор дэлхий дахинд шинэ төрлийн элэгний хурц үрэвслийн халдвараар 200 гаруй хүүхэд өвдөөд байгаа. Уг шинэ Гепатит вирусний улмаас 17 хүүхэд яаралтай элэг шилжүүлэн мэс засал хийлгэх шаардлагатай байгаа бол нэг нярай хүүхэд өвчнөө даалгүй энджээ.
Олон улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачдын мэдээлснээр, одоогоор бүртгэгдээд буй нийт 200 гаруй тохиолдлуудаас ердийн вируст Гепатит үүсгэгч буюу B,C,D зэрэг вирусийн халдвар цусанд нь хийсэн нарийвчилсан шинжилгээгээр илрээгүй байна. Иймээс үүнийг шинэ төрлийн эмгэг үүсгэгч гэж эрдэмтэд тодорхойлжээ. Тиймээс эрдэмтэд цаашид илүү өргөн хүрээний судалгаа, шинжилгээ хийхээр шуурхай ажиллаж байгаа талаараа мэдэгдсэн байна.
Тэгвэл ДЭМБ-ын мэдээлснээр бүртгэгдээд буй 70 гаруй тохиолдлоос авсан шинжилгээний дээжээс “Аденовирусийн овог” илэрсэн гэжээ. Аденовирус нь ихэвчлэн ханиад томуу, бөөлжих, суулгалт зэрэг хөнгөн хэлбэрийн өвчин үүсгэдэг вирусүүдийн овогт харьяалагддаг юм. Гэсэн хэдий ч хүүхдүүдэд чухам ямар учраас вируст Гепатит халдварлаж байж болох бусад шалтгааныг судалж буй бөгөөд Ковид-19 вирустэй холбоотой гэх ямар ч үндэслэл байхгүй байгаа юм байна.
Тэгвэл энэ шинэ төрлийн элэгний хурц үрэвслийн үед илэрч буй нийтлэг шинж тэмдэгүүд нь халуурах, ядрах, хоолны дуршил муудах, дотор муухайрах, бөөлжих, суулгалт, шээсний өнгө хар бор өнгөтэй болох зэргээр илэрч байгаа гэжээ.