Европын комиссын удирдлагууд ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт зогссон тохиолдолд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулахыг тус холбооны орнуудад уриалсан байна. Энэ талаар Европын эрчим хүчний асуудал эрхэлсэн дарга Кадри Симсон мягмар гарагт Брюссель хотноо болсон Европын холбооны зөвлөлийн яаралтай хуралдааны дараа мэдэгджээ.
Тэрбээр "ОХУ үүргээ биелүүлэхгүй байгааг бид бүгд харж байна. Энэ нь тэднийг найдваргүй нийлүүлэгч гэдгийг тодорхой харуулж байна. Тиймээс бүх улс орон байгалийн хийн нийлүүлэлт бүрэн зогссон тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байх ёстой. Мөн Европын холбоо өнгөрсөн 1-р сард ийм хувилбарт бэлтгэж эхэлсэн" хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Европын холбооны удирдлагууд жил бүр ОХУ-аас авч байгаа 150 тэрбум шоо метр байгалийн хийг бусад эх үүсвэрээс хангах зорилготой ажиллаж байгаа гэдгээ цохон тэмдэглэсэн байна. Мөн сэргээгдэх эрчим хүч болон бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг эрчимтэй хөгжүүлэх ажил явагдаж байгаа гэжээ.
Мөн ЕХ-ны орнуудад үнийн өрсөлдөөнийг багасгахын тулд Европын комиссоос хийн хамтарсан худалдан авалтыг идэвхжүүлнэ гэдгээ эрх баригчид нь мэдэгдсэн байна. Үүнээс гадна, Европын комисс Оросын хийн төлбөрийг рублиэр хийх нь хориг арга хэмжээг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд Европын холбооны компаниудад авч болох арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлбарыг ойрын өдрүүдэд өгөх юм байна.