АНУ-ын дээд шүүх 1973 онд баталсан “Үндсэн хуулийн дагуу олгогдсон үр хөндөлт хийлгэх эрхийн” асуудлаарх хуулийн заалтаа хүчингүй болгох магадлалтай талаар мэдээлэл алдагдсан байна. Энэ нь АНУ-ын Дээд шүүх үр хөндөлтийг хориглох асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд цаашид муж улсуудын хууль тогтоох түвшний эрх баригчид уг асуудлыг хэлэлцэнэ гэдгийг тус алдагдсан мэдээлэлд өгүүлжээ.
АНУ-ын Дээд шүүх “Үндсэн хуулиар олгогдсон үр хөндөлт хийлгэх эрхийн талаарх хуулийг” хүчингүй болгож болзошгүй талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Энэ нь америкийн дээд шүүхээс мэдээлэл алдагдах үед задарсан баримт бичиг дээр бичигдэн үлдсэнийг шинжээчид илрүүлсэн байна.
Товч тайлбарлавал АНУ-ын дээд шүүхийн нууц санал хураалтын дараа шүүгч Самюэль Алитогийн бичсэн 98 хуудас илтгэл задарсан байна. Уг илтгэлд 1973 оны "Уэйдийн эсрэг Роу" хэргээс үүдэлтэй өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй дээд шүүхийн шийдвэр нь туйлын буруу шийдвэр байсан хэмээжээ. Энэхүү түүхэн шийдвэрийн дагуу Америкийн эмэгтэйчүүд 22-24 долоо хоногоос нь өмнөх хугацаанд үр хөндүүлэх эрхтэй болсон юм. Мөн тус алдагдсан илтгэлд үр хөндөлтийн асуудлыг ард түмнээс сонгогдсон хүмүүс шийдвэрлэх ёстой хэмээн бичсэн байжээ. Энэ нь үр хөндөлтийг хориглох асуудлыг мужуудын хууль тогтоох түвшний эрх баригчид цаашид хэлэлцэх талаар тайлбарласан байна. Түүнчлэн дээд шүүхийн 9 гишүүний 5 нь үр хөндүүлэх эрх үндсэн хуулийн эрхэд огт хамаарахгүй гэдэгтэй санал нэгдсэн байна. Тэгвэл өнөөдөр АНУ-ын дээд шүүхээс уг алдагдсан илтгэлийг жинхэнэ гэдгийг баталсан ч ирэх 6-р сард гарах нэгдсэн, эцсийн шийдвэрт нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ. Мөн уг илтгэлийг хууль бусаар олж авсан хүмүүсийг олж илрүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Өрнөж буй үйл явдалтай холбогдуулан АНУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын гишүүд Цагаан ордны урд талбайд цугларч эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна. Улмаар тус улсын 10 гаруй томоохон хотод үр хөндөлтийг хориглохыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилсээр байна.