Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны мэдээллийг сонссон байна. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө мөнгийг хяналтгүйгээр олон газар байршуулсан нь авлага хуримтлагдах гол шалтгаан болжээ.
Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын санд 100.5 тэрбум төгрөгийн авлага бий. Банкуудаас 5.4 тэрбум төгрөгийн авлага хуримтлагдсан байна. Мөн 18 иргэн, 13 аж ахуйн нэгжээс бас авлагатай байгаа юм. Энэ олон авлагаа барагдуулах үүргийг Нийгмийн даатгалын сан хүлээх ёстой гэдгийг гишүүд хэллээ.
Капитал банкнаас Нийгмийн даатгалын сан хамгийн их авлагыг авах ёстой. 104 тэрбумын төгрөгийн авлагаас 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 73.9 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа юм. Капитал банк цар тахлын үед түрээсээ хөнгөлсөн байжээ. Үүнээс шалтгаалан Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх санхүүжилт бүрдэхгүй байгааг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга мэдээлээ. Өнөөдрийн байдлаар түрээслэгчдээс 86 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрүүлээд байгаа юм байна.