Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Монголын иргэний агаарын тээвэр төрийн өмчит хувьцаат компанид Засгийн газраас татаас өгөхөөр болжээ. Мөн Монгол улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 90 хүртэлх хоногоор визгүй зорчуулах шийдвэрүүдийг гаргасан байна.
Хуралдаанаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд БНСУ-ын иргэдийг аялал жуулчлалын визээр энэ оны 6-р сарын нэгнээс 2024 оны 12-р сарын 31-нийг дуустал 90 хоногийн визээс чөлөөлөх шийдвэрийн Засгийн газраас гаргалаа. Манай улсын иргэд БНСУ-д зорчих асуудлыг хөнгөвчлөх тухай гадаад харилцааны яамнаас Солонгос улсын талтай дипломат шугамаар ярилцаж байгаа юм байна.
Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны өр барагдуулалт ямар байгааг талаар мэдээллээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс нийтдээ 165 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна. Цаашдаа хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд чанаргүй зээлээ яаралтай төлүүлэх асуудалтай тулгарч байгаа юм байна. Эргэн сануулахад нийтдээ 40 ААН-ийн 2.1 их наяд төгрөгийн чанаргүй зээл бий.
Засгийн газраас цаашид агаарын тээврийн либералчлалын хүрээнд нислэгийн тоог нэмэгдүүлэх, монгол улсад ирж байгаа жуулчдад татварыг буцаан олгох цогц шийдлийг боловсруулж байгаа юм байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өгсөн байна.