Монгол улсад ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүн худалдаалах, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэрэг шинээр гарах болсон гэж үздэг. Сүүлийн нэг жилийн хугацаанд 48 иргэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон байна. Хүний эрхийн үндэсний комиссоос хууль тогтоогчид энэ асуудалд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг хэлж байгаа юм.
Анх 1999 онд хуучин Югослав улсад Монгол улсын хоёр иргэн худалдагдсан гэмт хэрэг бүртгэгдэж байсан түүхтэй. Энэ цаг үеэс манай улс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдүүлэх зүй ёсны шаардлагатай тулгарсан. 2017 онд Эрүүгийн хуулийн шинэчлэн найруулсан төсөлд хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргүүдийг тусад нь зүйлчилж өгсөн нь олон давуу талуудыг бий болгосон ч гэмт хэргийн хохирогч буурахгүй байсаар байгаа юм.
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, хойд эцэг эх, гэр бүлийн зөрчилдөөний улмаас гэрээ орхиж явахаар болсон байдаг. Тиймээс хилийн чанадад амьдарч, ажиллаж байгаа иргэдийнхээ судалгааг нарийвчилж гаргах хэрэгтэйг УИХ-ын гишүүд хэлж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилсон юм. Ингэснээр хүн худалдаалах гэмт хэрэгтэй болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хүний эрхийн тал дээр эзэнтэй болж байгаа гэсэн үг юм.