ХБНГУ хүйтний улирал эхлэхээс өмнө Оросын газрын тосноос хамааралгүй болно 

Герман улс хүйтний улирал эхлэхээс өмнө Оросын газрын тосноос бүрэн хамааралгүй болох боломжтой гэж ХБНГУ-ын Эдийн засаг, уур амьсгалын асуудал эрхэлсэн сайд Роберт Хабек ням гарагт мэдэгджээ. Түүний хэлснээр, Европын хамгийн том эдийн засагтай орон болох Герман одоогоор Оросын эрчим хүчний импортод эзлэх хувийг хэдийнээ газрын тосны 12 хувь, нүүрсний 8 хувь, байгалийн хийг 35 хувьд хүргэн тус тус бууруулжээ.

Украин тэргүүтэй бусад орнууд, ялангуяа Балтийн тэнгисийн орнууд Оросоос эрчим хүчний импортоо бууруулаад байгаа бөгөөд ижил арга хэмжээ авах шахалтыг Герман улсад үзүүлж байна. Германы Төв банк Оросын газрын тосноос бүрэн хамааралгүй болох нь инфляцийг нэмэгдүүлж, эдийн засгийн гарцыг ойролцоогоор таван хувиар бууруулахад хүргэж болзошгүй гэж мэдэгдэж байна. Европын орнуудаас Орос улсад төлж буй олон тэрбум Еврогийн төлбөр нь Оросын эдийн засгийг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ долоо хоногт ЕХ Оросын газрын тосонд хориг тавих асуудлыг мөн авч хэлэлцэнэ гэжээ.

Одоогоор ЕХ-ны улс орнууд ОХУ-д нефть, байгалийн хийн төлбөрт өдөрт 850 сая ам.доллар төлж байгаа юм байна. Харин Герман улсын хувьд Оросын эрчим хүчний хамгийн том хүлээн авагчийн нэг бөгөөд Орос улсаас авч буй эрчим хүчний импортоо хязгаарлах нь Герман улсад эдийн засгийн сөрөг үр дагавар авчирна гэж мэргэжилтнүүд үзэж байна.