Өрнөдийн компаниуд ОХУ-ын зах зээлийг орхин гарсны улмаас 600 мянган хүн ажлын байраа алдаж болзошгүй байна

ОХУ-тай “найрсаг бус” орнуудын аж ахуйн нэгжүүд тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоосны дараа 600 орчим мянган хүн ажлын байраа алдах эрсдэл үүсээд байна гэж ОХУ-ын эрх баригч намын улс төрийн өндөр албан тушаалтан хэлсэн талаар мэдээлжээ. ОХУ Украин улс руу довтолсны дараа “Mcdonald’s”, “Adidas”, “BMW” зэрэг томоохон компаниуд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.

ОХУ-ын зах зээл дахь үйл ажиллагаагаа зогсоосон ихэнх компаниуд ажлын байраа алдсан ажилтнууддаа хамгийн багадаа нийт 6 сарын цалинг нь олгохоо амласан байна.

Тэгвэл “Нэгдсэн орос” намын нарийн бичгийн дарга Андрей Турчак хэлэхдээ, дайны өмнө “найрсаг бус” орны компаниудад 2 сая орчим Оросын иргэн ажиллаж байсан гэжээ. 

Өнгөрсөн 3-р сард ОХУ-ын ажилгүйдлийн түвшин түүхэндээ хамгийн бага буюу 4.1 хувь байсан байна. Энэ нь ойролцоогоор 3.1 сая орчим хүн ажилгүй байсан гэсэн үг бөгөөд үүнд гадны компаниудад ажиллаж байгаад ажлын байраа алдсан иргэдийг оруулаагүй байна. Харин олон улсын шинжээчдийн үзэж буйгаар тус улсын ажилгүйдлийн түвшин 3-р сараас хойших хугацаанд хэдийн 5 хувьд хүрээд байгаа юм байна.

Мөн ОУВС-аас гаргасан тайланд дурдсанаар энэ оны дунд үе гэхэд ОХУ-ын ажилгүйдлийн түвшин сүүлийн арав гаруй жил байгаагүй өндөр түвшинд хүрэх буюу 7 хувиас давна гэжээ. Түүнчлэн ОУ-ын эдийн засгийн хоригийн улмаас Оросын эрчим хүчний салбараас бусад стратегийн болон эдийн засгийн ач холбогдол бүхий салбаруудын ашигтай ажиллагаа ирэх 5 жил мөн уналтад орно гэжээ. Мөн Йелийн менежментийн сургуулиас мэдээлснээр, гадаадын 750 гаруй компани ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон эсвэл тодорхой хэмжээгээр ажилтнуудаа, мөн салбаруудынхаа тоог цомхотгоод байгаа юм байна.