Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлэх зорилгоор энэ жил тендерийг оны эхнээс зарласан. Гэтэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 193 тендерт нэг ч ААН, байгууллагаас материал ирүүлээгүй байна. Мөн 82 тендерт шаардлага хангасан компани оролцоогүйн улмаас тендерүүд эхнээсээ гацаанд оржээ.
Энэ онд нийслэл хотод улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 678 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа юм. Тэдгээрээс 657 төсөл, арга хэмжээг харьяа байгууллагуудад шилжүүлж, 14 төсөл арга хэмжээний эрхийг шилжүүлэхээр санал авах шатанд явж байгаа юм байна. Одоогоор нийслэлийн засаг даргын худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэлт 96.9 хувьтай байна гэж мэдээлж байна. Он гарсаар нийслэлийн засаг даргын 19 захирамжаар нийт 55 төсөл, арга хэмжээнд тодорхой өөрчлөлт оруулжээ.
Хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийг бүх шатанд эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 23 байршилд газар чөлөөлөхөөс, гурваас бусад байршлын хувьд асуудал бэрхшээл үүсэхгүй гэж Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.