Төрийн албан хаагчдын тоо 10 жилд хоёр дахин өсжээ

2010-2021 оны хооронд төрийн алба 50 гаруй мянгаар албан хаагчаар нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогджээ. Дээрээс нь төрийн өмчит үйлдвэрийн газруудын ажилтнуудын тоог оролцуулбал дээрх тоо даруй 60, 70 мянгад хүрнэ. Засгийн газрын тэргүүн төрийн албыг чадварлаг, цомхон бүтэцтэй байх бодлого баримтална гэж байгаа ч төрийн алба данхайсан том бүтэцтэй хэвээр байгааг УИХ-ын гишүүд шүүмжилж байна. 

Төрийн алба данхайсан, төр цомхон байх хэрэгтэй гэж иргэд, судлаачид, түүгээр барахгүй эрх баригчид өөрсдөө хүртэл ярьдаг. Үндэсний статистикийн тоо баримтаас харахад төрийн алба улам данхайсныг харж болох юм. Өнөөдрийн байдлаар 200 гаруй мянган төрийн албан хаагч байгаа нь сүүлийн 13 жилд 31 хувиар өссөн байгаа юм. Үүнээс төрийн тусгай албан хаагчдын тоо 34 хувиар, төрийн захиргааны алба 36 хувь, улс төрийн алба 28 хувиар өссөн байх жишээтэй.

Төрийг хамгийн их данхайлгадаг нь танил тал, ар өврийн хаалгаар албан тушаалд томилдог, шаардлагагүй орон тоонууд буюу яам, тамгын газар, зөвлөл, хороо, комисс, агентлагт ажилладаг төрийн захиргааны албаныхан  багтаж байгаа юм. Тэдний тоо хоёр дахин өсжээ. Тухайлбал, яамдын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, ахлах зохион байгуулагчдын тоо 58 хувь, тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээчдийн тоо 25 хувь, газар болон хэлтсийн дарга нар 50 хувь, төрийн нарийн бичгийн дарга нарын тоо 27 хувиар өссөн байна.

Өссөн шалтгааныг шинээр байгуулагдсан 28 цэцэрлэг, 4 сургууль, зургаан эмнэлэг, үндэсний үнэт зүйл, өв соёлоо дээдлэх, иргэдийг соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий 11 байгууллага, засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч 19 агентлаг, Шүүхийн сахилгын хороо, Монцамэ агентлаг зэрэг 70 байгууллага шинээр бий болсон гэж байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайд төрийн алба хэт данхайж байгаа нь улс төрчидтэй холбоо гэдгийг хэллээ.

Засгийн газар удаа дараа солигдсоноос үүдэж төрийн албан хаагчдыг халж сэлгэх, төрийн албыг хүчгүйдүүлж, чадамжгүй болгоход нөлөөлж байгаа гэдгийг судлаачид шүүмжилж байна.