Хүн амын урьдчилан сэргийлэх эрт үзлэг, шинжилгээ, оношилгоо эхэллээ

5-р сарын 1-ний өдрөөс орон даяар хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа эхэлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар өрхийн эмнэлгүүд 3-5 дахин ачаалалтай ажиллаж байна.

Насанд хүрсэн даатгуулагчийн хувьд Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагаас сонгох байдлаар уг эрт илрүүлгийн багцад хамрагдах юм. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт насанд хүрээгүй иргэд буюу 0-17 насны хүүхдүүдийн хувьд мөн насны бүлгээс хамаарч үзлэг, шинжилгээ, оношилгоонд өрхийн эмнэлэг дээрээ хамрагдах юм. 5-р сарын 1-ны өдрөөс эхэлсэн шинжилгээний улмаас өрхийн эмнэлгүүд 3 дахин ачаалалтай ажиллаж байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 5-р сарын 1-ээс зохион байгуулж эхэлсэн ч зөвхөн эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд уг шинжилгээнд хамрагдах юм байна. Тиймээс зарим иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдаж чадалгүй үлдэхээр байна.

Иргэн бүрийг  урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаар Монгол улсын хэмжээнд иргэдийн эрүүл мэндийн дата сантай болно гэж мэдээлж байна.