Дэлхий дахинд 2020-2022 онд 100 гаруй сэтгүүлч бусдад хорлогджээ 

5-р сарын 3-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиосон. Энэ удаад Юнескогоос сэтгүүл зүй, сэтгүүлчдийг цахим халдлагаас чөлөөлөх нь дэлхий нийтийн хамтын, хамгийн том асуудал болсныг зарласан юм. Тиймээс энэ жил тус өдрийг олон улсад “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Үргэлжлүүлэн зарим тоо баримтуудыг мэдээлье.

  • Сүүлийн хоёр жилд цар тахал хэвлэл мэдээллийн зах зээлд ч нөлөөлснөөр дэлхий дахинд хэвлэл мэдээллийн салбарын орлого 50 хувиар буурч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 70 гаруй хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоожээ.
  • Мөн уг өдөр ажлын талбарт явахдаа амь насаа алдсан сэтгүүлчдээ дурсдаг өдөр. 1994-2018 оны хооронд дэлхий даяар 1307 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан байна.
  • Харин 2020-2022 оны хооронд дэлхий дахинд 100 гаруй сэтгүүлч бусдад хорлогдсоны дийлэнх хувь нь эмэгтэй сэтгүүлчид байгаа юм. 
  • ОХУ, Украинд үүссэн хурцадмал байдлаас болж дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар гэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын 18 ажилтан амиа алдаж,  8 нь хулгайлагдаж, гурван сэтгүүлч сураггүй болсон байна.

Дэлхийн дахины сэтгүүл зүйн салбар хүндхэн нөхцөлд үүргээ биелүүлж байна. Манай улс хэвлэлийн эрх чөлөөг яриад 30 жилийн нүүрийг үзэж байгаа юм. Үүний 20 жил нь хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орж ирсэн. Хэдийгээр хууль эрх зүйн орчныг сайжруулахаар үе үеийн парламентын гишүүд ярьдаг ч бодит байдалд чөлөөт сэтгүүл зүйг чөдөрлөх, цензурдэх, үзэл бодлын эрх чөлөөг нь хумихыг санаархаж ирсэн гэдгийг сэтгүүлчид шүүмжилж байна.

Техник технологи хөгжиж, хүн бүр мэдээллийг түгээх, хүлээн авах боломж бүрдсэнээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд илүү мэргэжлийн байх сорилт тулгарч байгаа нь бодит үнэн. Тэр дундаа цахим дайралтад өртөж байгаа сэтгүүл зүйн салбарт анхаарах цаг болсон гэдгийг хэвлэл мэдээллийн төлөөлөл үзэж байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэй сэтгүүлчид цахим дайралтад илүү өртөж байгаа гэсэн судалгаа гарчээ.

Мэдээллийн дайн өрнөж байгаа цахим ертөнцөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл илүү хариуцлагатай, шуурхай, мэргэжлийн, чадварлаг байх нь чухал байгаа юм. Нөгөө талаас хууль эрх зүйн орчин, эдийн засгийн чадамж сул байгаагаас зарим тохиолдолд цахим орчинд мэдээлэл түгээж байгаа иргэнээс ялгарч чадахгүй байгаа юм.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс 90 дүгээр байранд буюу өнгөрсөн оноос 22 байр ухарсан үзүүлэлт гарчээ. Хэвлэлийн эрх чөлөөг дээдлэгч орнуудыг Норвеги улс тэргүүлж байгаа бол үүний араас Дани, Швед, Эстони, Финланд, Ирланд, Португали гэсэн улс орнууд багтсан байна.