УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонсжээ. 2020 онд манай улсын ядуурлын түвшин 2018 онтой харьцуулахад 0,6 хувиар буурсан үзүүлэлт гарсан гэж мэдээллээ. Харин гишүүдийн зүгээс ядуурал буурсан гэж шууд хэлж болохгүй гэж шүүмжилсэн байна.
Нийгмийн бодит амьдралыг харвал сүүлийн хоёр жил иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх нь биш улам муудсан гэж хэлж болно. Улсын хэмжээнд гурван өрхийн нэг нь халамж, тэтгэврээр амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2018 онд нэг өрх дунджаар 200-250 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмж авдаг байсан бол энэ хэмжээ 400-450 мянган төгрөг болж өссөн нь ядуурал буурахад нөлөөлсөн гэж байна.
Статистикийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй талаас нь хүргэх нь чухал байгааг гишүүд хэллээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсын далд эдийн засаг 6-7 хувьтай байгаа юм байна.
Статистикийн мэдээллээр малын тоо толгой үнэн зөв эсэхэд олон нийтэд эргэлздэг. Өнөөдрийн байдлаар манай улс 67.3 сая толгой мал тоолуулсан байдаг. Статистикийн даргын тайлбарласнаар нийт малын 10 хувьд дахин хяналтын тооллого хийдэг гэлээ.
Хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны албан ёсны статистикийн 53 төрлийн мэдээг үндэсний статистикийн хорооноос 7 хоног, 14 хоног, сар, улирал, жилийн давтамжтай нэгтгэн боловсруулж, нийтэд түгээн ажилладаг юм.