Дизель түлшний үнэд хөнгөлөлт үзүүлэхээр УУХҮЯ-аас

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ зогсолтгүй өссөөр байгаа. Тэгвэл Засгийн газраас шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд "Роснефть"-тэй гэрээ хийсний үр дүнд АИ-92 шатахууныг 2390 төгрөгөөр худалдаалах боломж бүрдсэн. Манай улс дизель түлшний үнэд ч хөнгөлөлт үзүүлэхээр "Роснефть"-д санал тавьсан бөгөөд одоогоор  хариуг хүлээж байна гэж УУХҮЯ-аас мэдээлсэн байна. 

Бусад шатахууны хувьд одоогоор зах зээлийн зарчмаараа үнийг тогтоож байгаа, харин дизель түлшний үнэ зөвхөн дөрвөн сард гэхэд 249 төгрөгөөр өссөн байна. Энэ нь бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг том тэрэгний тээврийн зардал өсөх, цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгаан болоод байна. Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээлд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71.3 хувиар өссөн нь 2013 оноос хойш бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болсон байна. Тэгвэл он гарсаар дээрх төрлийн шатахууны үнэ 45-48 хувиар өссөн байна. Харин манай улсад худалдаалагдаж байгаа дизель түлш 1.02 доллар буюу дэлхийн дунджаас 45 хувиар бага байгаа. Гэхдээ үнэ байнга шахам нэмэгдэж байгаа юм.

Монгол улсад одоогийн байдлаар дизель түлшний нөөц хэвийн буюу 24 хоногийн нөөцтэй байна. Энэ нь  дизель түлшний үнийн өсөлт шатахууны нөөц, нийлүүлэлт зэрэг зүйлээс шалтгаалаагүй нь харагдаж байгаа юм. Засгийн газраас АИ-92 шатахууны гаалийн татварыг тэглэж АИ-92 шатахууны үнийг 3330 төгрөгөөр зарагдах байсныг 2390 төгрөгөөр зарагдах боломж бүрдүүлсэн гэж байгаа. Гэвч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тээврийн үнэд шууд нөлөөлдөг дизель түлшний үнэ энэ сард л гэхэд 3131 -3380 төгрөг болж өссөн нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд шууд нөлөөлж байгаа тул дизель түлшний үнийг бууруулахаар арга хэмжээг аваад байгаа юм байна.

Дэлхийн банкнаас гаргасан газрын тосны бүтээгдэхүүний үнийн прогнозоос үзвэл, ОХУ, Украины асуудлаас үүдэж газрын тосны эрэлт нийлүүлэлт хойшид ч хэлбэлзэхээр байна. Дэлхийн жишигтэй харьцуулахад дизель түлшийг хамгийн хямд худалдаалж буй улсын тоонд Монгол улс орж байгаа ч энэ байдлаар дизель түлшний үнэ нэмэгдвэл уул уурхайн салбарын хэвийн үйл ажиллагаа ч алдагдах магадлалтай юм.